
Би оюутан байхдаа ээж болсон. Намар зургаан сартай хүүгээ эмээ, өвөөд нь үлдээгээд хичээлдээ явсан сан. Өвөл амралтаараа очиход хүү минь мантайтал мариалчихсан баруун талын орон дээр уяатай сууж байж билээ. Тэгээд уяаг нь тайлаад өдөржин тэвэрсэн юм. Харин маргаашнаас нь өвөөгийнх нь шаардсанаар хүүгээ буцаагаад уясан. Хүүхэд уях нь уламжлалт ахуй, нүүдэлчдийн том соёл хэмээн аав минь хэлэх дуртай.
Хэд хоногоос хүүгээ аваад буцах болов. Өмнөх өдөр нь аав надад тооно тушиж уяхыг зааж өгсөн юм. Тооно туших гэдэг мултрахгүй, сулрахгүй, чангарахгүй монгол зангилааны нэг. Гэртээ хариад хүүхэд уях нь асар тустайг аяндаа ойлгов. Хөлд орж буй бяцхан хүүгээ сул байлгатал усны сав руу элдэв бусын юм авч хийгээд эсвэл зуух руу мөлхөж очоод түшиж босох гээд байлаа. Үгүй бол шүүгээ онгичоод аяга шанага тараагаад дотор нь ороод суучихна. Гадаа гарахаар дагаад мөлхөөд ирдэг сэн.
Харин өвөөгийнх нь дээлний бүсээр уячихвал уяаныхаа хэмжээгээр мөлхөж, өмнөх тоглоомоо амандаа хийсэн шигээ их томоотой байдаг юм. Завтай болонгуут хүүгээ авч, завгүй үедээ уячихдаг байлаа. Сүүлдээ уяатайгаа хана дагаж алхсаар хөлд орсон доо. Хүүгээ гурван нас хүртэл нь уяатай байлгаж халуун тогоо, зуух гэдэг аюулаас хол хөндий сэтгэл амар өсгөсөн юм. Уяаны хүүхэд их тэвчээртэй, холч ухаантай болдог гэх юм билээ.
Бас их тэмүүлэлтэй болдог гэдгийг сүүлд ном зохиолоос уншсан. Хожим найздаа энэ уламжлалт аргыг туршиж үзэхийг санал болголоо. Найз минь охиноо өрөвдсөөр байгаад уяж сургаагүй нэг нас хүргэсэн юм. Одоо найз минь охиноо нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү орохдоо тэвэрч, эсвэл аяга цайгаа ч тавтай ууж амжихгүй, охиныхоо араас байнга дагаж сандарч гүйдэг. Өдгөө нүүдэлчдийн эл соёл бараг мартагджээ.
Хүүхдийг эртнээс долоо, найман сар хүрэнгүүт уяж, аливаа аюул эрсдэлээс хамгаалж иржээ. Өнгөрсөн үеийн соёл хэдий ч орчин үеийн ээж нарт их хэрэгтэй санагдсан. Ер нь, өнөөгийн бидний зөв дадал, эрүүл аж төрөхүйн арга ухаан гэж яриад байгаа нь шинэ ололт бус эртнээс хүүхдийг гашуунаар бүү тэтгэ, амттанаар бүү цатга, өнгөнд бүү шунуул, тансагт бүү умбуул, улай бүү үзүүл, нойронд бүү автуул хэмээн сургаж ирсэн өвгөдийн ухааны нэг хэлбэр юм билээ.