
Хятадын Агаарын цэргийн хүчин Өмнөд Хятадын тэнгист сургуулилалт хийхдээ Зэвсэгт хүчний эгнээнд орсон шинэ нисэх онгоцнуудаа байлдааны нислэгт гаргажээ. Тус улсын БХЯ-ны албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр “СУ-30” сөнөөгч, “Н- 6К” бөмбөгдөгч нисэх онгоц болон агаарын бусад хэрэгсэл Номхон далайн баруун хэсгийн усан дээгүүр байлдааны бодит нөхцөлд Окинава мужийн гол арлууд болон Мияко арлуудын хооронд ниссэн байна.
Байлдааны нөхцөлд нислэг үйлдэж буй нисэх онгоцнуудын дүрс бичлэгийг Хятадын Төв телевиз үзүүлэв. Өмнөд Хятадын тэнгисийн усанд хийсэн сургуулилалтад ОХУ-аас Хятад улс саяхан худалдаж авсан “СУ-35” сөнөөгч нисэх онгоц бас оролцов. Задгай тэнгист Агаарын цэргийн хүчнийхээ стратегийн сайжруулсан боломж, чадлыг үзэх нь сургуулилалтын зорилго байсан гэнэ.
Сургуулилалтыг олон улсын хуулийн дагуу, байлдааны болзошгүй ажиллагаанд бэлтгэх журмын дагуу явуулсан болохыг албан ёсны төлөөлөгч мэдээллээ.
Дээрх сургуулилалт нь Өмнөд Хятадын тэнгис сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тэргүүн нүүрээс алга болсон хэдий ч Вашингтон, Бээжин хоорондын мөргөлдөөн болох аюул хамгийн өндөр, стратегийн чухал бүс нутагт болсон учир олон улсын ажиглагчдын анхаарлыг татав.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрсдэлийг үл ойшоон Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүнүүдийн гаалийн тарифыг нэмэгдүүлж, тус улсын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай тусгай санамж бичигт өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан. Вашингтон худалдааны маргаан үүсэх бүртээ түншүүдээ буулгаж авахын тулд ийм тактик хэрэглэсээр ирсэн юм.
Бүх улсын эдийн засаг, худалдааны ашиг сонирхол хоорондоо нягт уялдаатай өнөө үед ийм тактик хэрэглэх нь тийм ч мэргэн санаа биш гэдгийг шинжээчид хэлж байна. Хэрвээ худалдааны дайн дэгдвэл хэн ч, аль ч улс холуур өнгөрч чадахгүй. “АНУ-тай хийж буй хоёр талын худалдаанаас Хятад улс илүү ашиг хүртдэг.

Тиймээс тус улс худалдааны дайнд ялагдана” гэж нэг хэсэг нь үзэж байхад нөгөө нь “Худалдааны дайн дэгдвэл Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэсэн байр сууриа алдаж болзошгүй” гэж байна. Энэ хоёр таамаг буруу болохыг энгийнээр тайлбарлавал дэлхийн хоёр том эдийн засаг харилцан нэгнээсээ хамааралтай байдаг” юм.
АНУ, Хятадын бизнесийн зөвлөлийн статистикаас үзвэл, хоёр талын эдийн засгийн түншлэлийн ачаар АНУ-д 2.6 сая хүн ажлын байртай байна. Үүний 104 мянган ажлын байр нь дан ганц Хятадын хөрөнгө оруулалтаар бий болжээ. Өдгөө америкчууд Хятадад үйлдвэрлэсэн хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнүүдийг таашаан хэрэглэж байна.
Нөгөө талаас хятадууд АНУ-д бизнес эрхэлж, ашиг олж байгаагаа хэнээс ч илүү ойлгож байна. Энэ бол харилцан ашигтай хамтын ажиллагаа юм. Бээжингийн үзэж буйгаар ийм эерэг чиг хандлагыг худалдааны дайн л алдагдуулж болзошгүй. Гэхдээ худалдааны дайн дэгдвэл Хятадын эдийн засаг үүнийг даван туулах хэмжээний хангалттай уян хатан байгааг тус улсын эдийн засагчид үзэж байна. Олон жил чармайсны дүнд Хятадын эдийн засаг гадаад худалдаанаас хамааралтай байх нь эрс багасаж, эдийн засаг нь өргөжин тэлэхийн хэрээр гадаад өр нь буурсаар байна.
Өөрөөр хэлбэл, Бээжин макро эдийн засгийн өргөн цар хүрээтэй бодлого хэрэгжүүлж буй учир аливаа эрсдэлд тийм ч хурдан өртөхгүй. Одоо дэлхийн эдийн засаг ид сэргэлтийн үедээ буй. Тиймээс Д.Трампын гаалийн татвараар дамжуулан худалдааг хамгаалах бодлого дэлхийн эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй.