
Өнгөрөгч баасан гаргийн нэгдсэн хуралдаанд сайд нар болон зарим гишүүн оролцоогүйгээс ирц бүрдэхгүй, хуралдаж чадсангүй. Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан юм. УИХ-ын дарга М.Энхболд хуралдаа оролцохгүй, ирц бүрдүүлэхгүй байгаа гишүүдийн нэрийг дуудаж, хууль тогтоох байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа үргэлжлүүлэх шаардлагатайг сануулсан ч үр дүнд хүрсэнгүй. Ийнхүү 10.00 цагт товлосон хуралдааныг 13.00 цагт эхлүүлж чадалгүй, ирсэн гишүүдийг тараасан юм.
“ЗАСГИЙН ГАЗАР НЬ УИХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАСАЛДУУЛЖ БАЙДАГ ЦАГ ОДОО БИШ”
Нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүйтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд “Арванхоёрдугаар сарын 6-ны үдээс хойших болон 7-ны үдээс өмнөх хуралдааныг гишүүд, сайд нар ирээгүйгээс хийж чадсангүй. Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэх хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу захирамж гарган, хэлэлцэж эхэлсэн. Харамсалтай нь, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хуралдаанд ирээгүйгээс гишүүд асуулт тавих боломжгүй, ирц бүрдээгүйгээс санал хурааж чадсангүй. Улмаар энэ асуудлыг хоёр өдрийн турш хэлэлцүүлсэнгүй.
УИХ-ыг ард түмэн сонгодог. Та биднийг улс эх орныг удирдан чиглүүлэх бодлого, чиглэлийг тогтоо, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өг гэж тэд сонгосон. Парламентын үйл ажиллагааг тасралтгүй явуулж, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар шийдвэр гаргах ёстой байна, түүнийг цаг алдалгүй гаргаж бай гэж үүрэг болгосон. Засгийн газрыг УИХ томилдог. Ингэхдээ УИХ-ын гаргасан бодлогыг хэрэгжүүлж, тогтоосон хууль, тогтоомжийн хүрээнд бодлого, шийдвэр гарган, парламентад асуудлаа танилцуулан, тайлагнаж ажиллах үүрэгтэй. Засгийн газар, түүний тэргүүн нь Үндсэн хуульд заасны дагуу хууль, тогтоомжийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө бүрэн хариуцаж, ажлаа тайлагнах хуультай. Гэтэл УИХ-ын үйл ажиллагааг сайд нар гацааж, хоёр өдрийн турш бойкотолж байна. Бид бензин, шатахууны үнийн нэмэгдэл, валютын ханшийн өсөлтийн талаар Засгийн газарт тавьсан асуулгын хариуг сонсох гэж дөрвөн долоо хоног хүлээлээ. Нэр дэвшүүлж, өргөн барьсан сайдыг нь томилж өгөх гээд гурав дахь долоо хоног болох гэж байна. Засгийн газрын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд УИХ бэлэн. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газартай хариуцлага тооцох, эсэхийг хэлэлцээд, гишүүдийн олонх итгэл үзүүлж, ажлыг нь үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Одоо улстөржилтөө зогсоож, Засгийн газар ажлаа хийх ёстой. Засгийн газар нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж байдаг цаг одоо биш ээ.
Цаг агаар муудаж, өвөлжилт амаргүй байх шинжтэй болж байна. Улсын хэмжээнд мал тооллого эхэллээ. Энэ мэт олон ажил, арга хэмжээг Засгийн газар зохион байгуулах үүрэгтэй. Улаанбаатарын агаарын бохирдолтой холбоотой асуудлаар ямар ямар арга хэмжээ авах гэж байгаагаа УИХ-д танилцуулж, ажиллах ёстой. Тиймээс Засгийн газрыг ажлаа шуурхайлж, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхыг шаардаж байна. Төр тогтвортой байх ёстой. Би үүний төлөө ажиллана. Төр тогтвортой байж гэмээнэ түмэн олон тайван амгалан ажиллаж, амьдрах үндэс бүрдэнэ.
Сүүлийн үед Үндсэн хуулийн бус аргаар төр, засгийн эрх мэдлийг авах гэж эрээ цээргүй оролдож байна. Үүнтэй бид хатуу тэмцэх ёстой. Олон түмнийг тэмцэлд уриалах маягаар ард иргэдийг цочирдуулах зүйлийг УИХ-ын гишүүд ярьж байна. Энэ бол Үндсэн хууль, бусад хуулийг зөрчсөн хэрэг. Түүнчлэн ЖДҮХС-гийн хөрөнгийг зүй бусаар тараасан асуудлыг “60 тэрбум”-ын гэх хэргээр дарах оролдлого, сурталчилгааг ихээр хийх боллоо. Үүнийг зогсоох ёстой. “60 тэрбум”-ын гэх хэрэгтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ирэх (энэ) долоо хоногт хэлэлцүүлэг хий. Ёс зүйн дэд хороо ЖДҮХС-гийн асуудалтай нэр холбогдсон гишүүдийнхээ ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлц, дэд хороогоо хуралдуул. Хэрвээ дэд хорооны ирц бүрддэггүй юм бол хуралд ирэхгүй байгаа хүмүүсээ чөлөөлж, өөр гишүүдийг оруулж, үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй” хэмээн УИХ-ын даргын хувьд үүрэг болгож буйгаа анхаарууллаа.
Тэрбээр “Намайг огцруулъя гэж байгаа бол хуулийн дагуу шаардлага, саналаа бичгээр, албан ёсоор тавь. Хэвлэл мэдээллийн пиар болгож битгий ашигла. Төрийн ажлыг хуулийн дагуу явуулах учиртай. Бид хуульд нийцсэн үйл ажиллагаа л явуулах ёстой” гээд Засгийн газар УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байгаагаас парламент хоёр өдөр хуралдаж чадаагүйд ард иргэдээс уучлалт хүсэв. Улмаар УИХ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн юм.
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг харахад маргааш Ёс зүйн дэд хороог хуралдуулахаар товложээ. Гэхдээ УИХ-ын даргын чиглэл болгосны дагуу лав л энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцүүлэг хийхгүй бололтой.
“ХАРИУЦЛАГЫГ САЙД НАР ХҮЛЭЭХ БОЛНО” ГЭВ
Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж буй талаар дэд дарга Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд мэдээлсэн. Шаардлагад “Ерөнхий сайд та УИХ-ын чуулганы өнөөдрийн (өнгөрөгч баасан гаргийн) үдээс хойших хуралдаанд оролцож, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийх ёстой. Ерөнхий сайд Үндсэн хуулийн дагуу танхимаа бүрдүүлэх байтал өөрөө өргөн мэдүүлсэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилуулах саналаа гурван долоо хоногийн турш хэлэлцүүлэхгүй байх, хууль бус үйлдэл хийж буйгаас мал тооллогын хугацаа тулсан, өвөлжилт хүндэрсэн цаг үед салбар нь эзгүйрч, улс орны стратегийн хүнс болох улаан буудайн нөөц бүрдүүлэх, тариаланчид түүнийгээ хэрхэн борлуулах, эсэх нь тодорхойгүй болсон. Нийт аж ахуй эрхлэгчийн гуравны хоёрыг эзэлж буй жижиг, дунд үйлдвэрийн салбарт гарсан алдаа завхралыг цаг алдалгүй засаж, залруулах шаардлагатай байна.
Өмнө нь Ерөнхийлөгчөөс 2019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүд зохион байгуулалттайгаар оролцоогүйгээс гурван удаа хийж чадсангүй. Улмаар байнгын хороо хуралдаагүй тул хоригийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж чадсангүй. Ерөнхий сайд та болон Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайд нарын аль аль нь тус хуралдаанд орж ирэхгүй, УИХ-ын үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар тасалдуулсан.
ЖДҮХС-гаас өөрийн болон хамаарал бүхий компанид зээл авсан дуулианд холбогдсон нэр бүхий сайдад ёс зүйн хариуцлага тооцох талаар Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэхээр хуралдаан зарласан ч тус дэд хороонд харьяалагддаг сайд Х.Баделхан, Д.Сарангэрэл болон МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар оролцоогүй, санаатайгаар ирц бүрдүүлээгүй. Эл асуудалд холбогдсон сайд нарт ёс зүйн хариуцлага тооцох талаар өнөөдрийг хүртэл ярихгүй байна. Мөн танай Засгийн газар УИХ-ын ирц бүрдүүлэхгүй байгаагаас дээрх асуудлыг шалгаж, санал, дүгнэлт гаргах түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэх боломжгүй болж, хойшилж байна.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.9-д “Гишүүн өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, семинарт зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно”, 4.10-т “Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасан тул хуульд заагаагүй үндэслэлээр УИХ-ын бөгөөд Засгийн газрын гишүүн хуралдаанд оролцохгүй байх үндэслэлгүй.
Иймд Ерөнхий сайд та болон Засгийн газрын гишүүдийг Үндсэн хууль, УИХ болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулах гэсэн үйл ажиллагаагаа арванхоёрдугаар сарын 7-ны дотор зогсоож, байнгын, дэд, түр хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохыг шаардаж байна. Таны тэргүүлж буй танхимын сайд нар дээр дурдсан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомж зөрчсөн, эсэхээс үүдэн гарах аливаа хариуцлагыг танай Засгийн газар болон УИХ-ын гишүүний албан тушаалыг давхар хашиж байгаа хүмүүс хүлээх болно” хэмээн анхааруулжээ.