Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хуучин Засгийн “шинэ” сайдуудыг хүлээж авахгүй нь

Үндсэн хуульд заасны дагуу шинээр томилогдох Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх ёстой. Танхимын тэргүүнийг нь баталгаажуулж амжаагүй байхад хэнийг ямар суудалд томилох тухай яриа Төрийн ордонд хэдийн газар авчээ. Гэхдээ хуучин Засгийн газрын сайд нараас зургаа нь л солигдоно. Тодорхой хэлбэл, Соёлын, Боловсрол, шинжлэх ухааны, Эрүүл мэндийн, Байгаль орчин, аялал жуулчлалын, Батлан хамгаалахын сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нар халаагаа өгнө. Үлдсэн нь салбараа үргэлжлүүлээд удирдана гэх шуум гарсан. Гэвч төрийн сайдад яригдаж буй “шинэ” гишүүдийг олон нийт хүлээж авахгүй хэмээн байна. Тухайлбал, давхар дээлтэй сайд Ч.Хүрэлбаатар, Х.Нямбаатар болон З.Мэндсайханыг дахин томилбол жагсаал цуглаан зохион байгуулна хэмээн иргэд байр сууриа илэрхийлж буй. Иргэд эхнээсээ ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханыг дахин сайдаар томилогдохыг эсэргүүцэж эхлэв. Улмаар өнөөдөр 16.30 цагаас Сүхбаатарын талбайд жагсаал хийхээр яригдаж байна. Иргэн Э тэргүүтэй хүмүүс эсэргүүцлийн жагсаал, суулт хийж, ХХААХҮ-ийн сайдад нэр нь яригдаж буй З.Мэндсайханы талаар ноцтой мэдээлэл дэлгэх гэнэ.