
“Алматы-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 55 килограммын жинд үндэсний шигшээ баг, Налайх дүүргийн тамирчин ОУХМ М.Дөлгөөн алтан медаль хүртлээ. Тэрбээр “Нанжинь-2014” залуучуудын олимпийн наадамд 17 настайдаа мөнгөн медаль хүртэж гараагаа эхэлж байсан юм. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс сүүлийн гурван жил дараалан медаль хүртэж, эл тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болж байна. М.Дөлгөөн нь Алматыгийн дэвжээнд Узбекистаны Мадина Усмонжонова, эзэн орны Айша Уалишан, БНСУ-ын Ким Хьон Жо нарыг тус бүр цэвэр ялж тивдээ анх удаа тэргүүлсэн юм. Тэрбээр Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 23 дахь, эмэгтэй бөхчүүдээс ес дэх тамирчин боллоо.

Харин “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор тэмцээний эхний өдөр 59 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв. Тэрбээр Азийн аваргаас 2014 онд мөнгө, 2018 онд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд эзэн орны Диана Каюумоваг 13.0, хагас шигшээд Узбекистаны Дилфуза Аймбетоваг 10.0-ээр ялсан юм. Тэгвэл шигшээ барилдаанд зоондоо ялсан өнгөрсөн жилийн Азийн аварга Энэтхэгийн Сарита Саритатайгаа дахин таарч 7.10 харьцаагаар ялагдал хүлээлээ.

Өнгөрсөн жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа амжилтаа ахиулж, Энэтхэгийн Ниша Нишаг цэвэр, БНСУ-ын Жёон Ун Суныг 4.0, хагас шигшээд Узбекистаны Азода Эсбергеноваг цэвэр ялсан юм. Харамсалтай нь, алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын аварга, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга, Киргизстаны Меерим Жуманазаровад 1.6-гаар ялагдав. Ийнхүү эхний тэмцээний эхний өдөр манай таван тамирчин зодоглосноос гурав нь нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.

Гэрэл зургийг: МҮОХ цахим хуудаснаас