Хаанахын ч зохиолчдыг адармаатай хүмүүс гэлцдэг. Тэдэнтэй ажиллах, ялангуяа захирч, удирдахад хэцүү байдаг юм гэсэн. Ийм байдал Монголын зохиолчдод ч мэдээж бий. Тэд дарга нараа ихээхэн зовоодог юм гэнэ лээ. Харин С.Удвалыг л “зовоож” чадаагүй байж магадгүй.
Энэ нь зохиолчид түүнээс айдаггүй, хүндэтгэдэг байсантай холбоотой болов уу. Ардын уран зохиолч Т.Галсан нэгэнтээ сурвалжлагчтай ярилцаж байхдаа С.Удвал гуайг бараг л Мандухай цэцэн хатантай зүйрлэж байсан юмдаг... Эрхэм ахайтны мэндэлсний 90 насны ой энэ өдөр тохиож байна.
Түүний дурсгалд зориулан хэвлүүлсэн “Цагийг эзэлсэн хатагтай” намтар зохиолд багтсан дурсамжийн заримаас нь уншигч танд хүргэе.
Ядуу ардын охин
Төр нийгмийн зүтгэлтэн, төрийн шагналт, зохиолч Сономын Удвал өөрийнхөө түүх намтрыг юу гэж бичсэнийг сонирхуулъя. Нэг. Миний өвөг эцэг, эмэг эх цөм ядуу малчин ардууд байсан. Эцгийн аав Цэнд, эх Дунж, эхийн аав Гүндэв, эх Сэрээнэн нар мөн ядуу малчид байжээ. Булган аймгийн Дашинчилэн, Гурванбулаг суманд нутаглаж байсан гэдэг. Өөр онц мэдэх юмгүй. Өвөг эцэг Чагтай харуулд нутаглаж байсан гэдэг. Дунж нь 108 ч юм уу 115 ч юм уу, урт насалж Маршал Чойбалсангаас бэлэг авч байсан гэдэг. Хоёр. Миний төрсөн эцэг Ч+оймбол хувьсгалын өмнөөс бичээч байсан. Богд хан уул аймгийн “Мухар хуруу” Чоймбол гэдэг хочтой, нэртэй бичээч. Долоовор хуруугаа нугалж түргэн бичдэг болохоор тэгж нэрлэжээ. Хувьсгалын дараа хоршоонд, мөн улсын хэвлэл зэрэг газар ажиллаж байсан. Баригдаж хоригдож яваагүй. 1957 онд нас барсан. Миний эх Цэдэн Булган аймгийн Гурванбулаг, Хөгнө хаан уулын хавьд төрсөн. Эцэг Цэнд, эх Сэрээнэн нар нь хэдэн ямаатай ядуу айл байсан. Эцэг нь нас барсан хойно эх Цэдэнг Чоймбол богтлон авсан. 20 гаруй ах байсан гэдэг. Миний ээж Цэдэн 1923 оны намын гишүүн. Богд хан уулын аймагт Лүнд (суманд) аавтай хоёул ирж, ээж бага сургуульд галч, саальчин байж. (Самбуу дарга тэр үед аймгийн дарга байсан байна.) Хувьсгалын дараа салж, Соном гэдэг хүнтэй сууж, Өмнөговь аймаг руу явсан юм.
МААНЬТАЙ РЕКВИЕМ

Эхлэл
Зоргоороо зээ нь эмээгүй үлдэж,
Зохиолчийн үзэг эзэнгүй үлдэж,
Удвал гуай явчиж гэнэм.-
Урт цуваа Алтан-Өлгийд очиж гэнэм.
Хаан төр иргэнээ хөсөр хаяхын цагт
Хан тэнгэр охиноо хөөрхийлөн дуудаж,
Сономын Удвал од, тэнгэрийн заадал, нар сар болж,
Солонго болон татаж, салхи болон үлээлээ гэнэм.
I
Газар дэлхий түүнийг өөрчилж эс чадав.
Ганцхан хувь Удвал өөрийнхөөрөө л үлдэв.
II
Ноорхой даалимбан дээлтэй уртын урт гэзэгтэй
Номхон царайдаа чимэг томоо алаг нүдтэй
Сорви шарх болсон бүтэн өнчин жаал
Сондуул довон дундуур төөрсөн янзага шиг дэгдэж явахдаа
Согтуу юм шиг амьдралын хөлд сэтгэл нь сэвтээгүй
Согог сууж, ахас ихсийн үг сөрөөгүй
Сонин уншиж, захиа дуудаж өгдөг “зөв хүүхэд”
Сономын Удвал Удвалаараа л байв.
III
Баатар Москвагийн хаяанд бөмбөг унаж,
Баруунаасаа “Хүн үүл” өдөр өдрөөр нүүж,
Гал хөс, зүсэм талхгүй ядарсан хотоос
Гадныхан амиа аваад дүрвэж байхад
Хотын захын оросуудтай нуувчийн шороо малтаж,
Хонуудаар хээрийн эмнэлэгт цэргийн шарх боож,
Цурамхийхгүй олон хар шөнөөр
Цуулсан самбай болгон улсын байхад
Газраа олохгүй сандарч, уйлахаа урьдал болгоогүй
Ганц оюутан охин Удвал Удвалаараа л байв.
IV
Халимагтай нэг “хар юм” хардах нь хэтэрч
Халамцуу тогоо шанагаа хангинуулж байхад
Хар нүдэн үр нь тэнд бүжин шиг чичирч
Хавийн бүх айл уцаарлан сэрж байхад
Эхэлж хувцсаа боогоод явчаагүй, зөндөө тэссэн
Эр хүний толгой руу гар далайгаагүй дандаа тэссэн
Нансалмаа шиг байтлаа Юндэнгээ олоогүй
Наадаж, жаргаж хань шиг ханьд эрхлээгүй
Уйлж болохгүй жүжгийн гол нэгэн баатар шиг
Уулзах болгонд жаргалтай харагдсан “сайн жүжигчин” тэр
Бүхнээ алдарт театрын гавьяат, ардын цолтон байгаагүй
Бүсгүй амьтны тавилантай Удвал Удвалаараа л байв.
V
Хар тэрэг урьд нь намс намсхийж
Харсан бүхэн өөрт нь мэхэс мэхэсхийж
Хамаг амьдрал хожим инээд алдаж байхад
Хатуу төрийн сүрийг эгэл хэнд ч үзүүлээгүй
Харц дорой бидэндээ ширүүлж, нүд үзүүрлээгүй
Наранд борлойсон малчин жаалд атга чихэр өгч баярлуулдаг
Нанчдаа хэтрүүлсэн зохиолчийг алгадсанаас дор егөөдөж
ухаажуулдаг
Насандаа түүртсэн буурайд хадагтай золгож үнсүүлдэг
Найртай газар буувал “Жаахан шарга” аялчихдаг
Сайхан инээдэг, үнэн үг хэлдэг тэр
Сайрхуу дарга, сайд байгаагүй ээ.
Сар нарны хэзээ ч Удвал Удвалаараа л байв.
VI
Амьдрал гэдэг манж аа, насны нь буурал намар
Адгийн муу сэтгэлтнүүд дахиад л түүнийг тамласан
Сэхээртлээ өдий олон хар сүрэг цуглаж
Сэтгэл гундуу явахад нь үгийн чулуу шидлэж,
Сэрүүн тунгалаг мандсан гэгээ гэрлийн нь зулыг
Сэмхэн хар хорхой шиг мэрж байхад ч
Солонго арилдаг, наран жаргадаг орчлон дээр
Сономын Удвал Удвал чигээрээ л байв.
Солигдоогүй, өөрчлөгдөөгүй Удвал Удвал чигээрээ л
Солиот орчлонг дотроо дооглосоор гаднаа бөхөв.
Цэцэн Мандухай шиг, Алтай Хангай шиг, Жанне де Арк шиг
Цэнхэр дорнын Ганди шиг, Онон Туул шиг,
Сүх жанжны Янжмаа шиг
Цэмцийж явсан Удвал одоо ч гэсэн Удвал чигээрээ л байна.
Хэнз улаан цэцгэс би Удвал Удвал гэж ургаж
Хээр талд өглөөний нар би Удвал Удвал гэж мандаж
Хэсэг хэсэг цагаан үүл би Удвал Удвал гэж нүүж,
Хэн нэгнийд улаахан охин төрмөгцөө би Удвал Удвал гэж
чарлаж
Хэзээд гэгээ гэрэл болж, Удвал Удвалаараа л байна.
Төгсгөл
Хэнэггүй, хүйтэн Монголоо, чи дахиад л нэг суутныг
гомдоолоо.
Хэл, зүрх гэж байна уу, чамд одоо маань унших чинь л
үлдлээ.
Д.ЦООДОЛ
(Төрийн шагналт яруу найрагч) “Энэ шүлэг” 1997 онд нэртэй шүлгийн улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ.
Хатан ижий
1963 оны намар С.Удвал, Ц.Цэдэнжав, Ц.Уламбаяр гуай бид нар Халх голын зүг аяны дөрөө нийлсэн явсансан. Удвал гуай үнэхээр ард түмний хүндэтгэл хүлээсэн хүн болохыг нь энэ аяллаар би бүрнээ ухаарсан юм. Хэрлэнгийн тохойд түр үдлэх зуур нутгийн улсууд Удвал гуайн сургаар тавагтай идээ барьц гаан ирцгээж билээ. Зарим газар хонины ууц ч тавьдаг байсан. Одоо тэгж хүндлүүлэх хүн хэнсэн билээ. Би тэр удаагийн аяллаар “Ерэн баатрын дууль”-ийг бичсэн. Нулимс гармаар боллоо гэдэг үгийг Удвал гуай л анх хэлж, уран бүтээлийн ганзагыг минь мялаасан юм.
Удвал гуайн гарын үсэгтэй 100 тоот зохиолчийн батлах, Удвал гуайн Берлинээс бичсэн захидал, Удвал гуайн зураг, сэлт эдүгээ ширээн дээр минь байна. “...Ээж нь хүүхэддээ, эгч нь дүүдээ бичихийн адил энгийн бөгөөд шулуун үг надаас гарахаас биш, хан тэнгэрийн оргилд эс гаргаж, хаан титэм үл өмсгөнөм чамд. Сайн хүнээ сэтгэл дотроо сансрын өндөрт хүртэл магтавч, нүүрэн дээр нь зөвхөн дээвэр хүртэл магтан сайшаадаг нь нисчих вий гэж айсных...” Ийм л бичээс, ийм л мөрүүдийг Москвад суугаа надад Берлинээс бичсэн нь үлджээ. “Авьяас билигт хөвгүүн Сүрэнжавынханд удам угсаагаараа, гэр орноороо сайн сайхан байхыг ерөөж, өчүүхэн бүтээлээ өргөн барив. 1977 оны нэгдүгээр сарын 8. С.Удвал” Энэ бүхэн амьд сэрүүндээ бидэнд үлдээсэн ахин олдошгүй алтан дурсамж, ашдын гэрээслэл болон хоцорчээ.
* * *
С.Удвал бол зохиолынхоо баатруудын шид хутгийг өөртөө шингээсэн хүн мөн билээ.
С.Удвал “Одгэрэл” билээ
С.Удвал “Монголын нэгэн Катюша” өөрөө билээ
С.Удвал “Ховор хүн”, ховор хувь заяа билээ.
Амьдралдаа үзэх ёстой бүхнийг үзэж өнгөрүүлсэн тэрбээр бүтээл туурвил, хүн төрх, эмэгтэйн дотоод чанараараа Монголын нэгэн Хатан ижий мөнөөс мөн.
Тэнгэрийн саранд боргох
Саваагүй нохойтой хорвоод
Тэнэг мунхаг төрсөнсөн бол
Юундаа ч ингэж эмзэглэх билээ гэж нэгэнтээ миний бичсэнчлэн амьдралынхаа сүүлийн жилүүдэд дүрсгүй банди нарын дүүгүүрийн чулуунд өртсөн ч сэтгэл нь сэвтээгүй билээ.
“Хүргэн хүү”, “Үер” киног нь үзэж, “Одгэрэл”, “Ховор хүн” туужийг нь уншиж, “Их хувь заяа” романы нь амтархан “Ханийн үг”, “Зулзаган цагаан хус” шүлгүүдийг нь хайрлан “Ээжийн хоёр хүү”, “Будар будрын салхи”-ийг нь дуулж яваа Монголын ард түмэн байсан цагт эрхэмсэг хатан ижий Сономын Удвалыг мартахын учиргүй билээ. Ум суваадий шиддаам.
Ш.СҮРЭНЖАВ (Төрийн шагналт, ардын уран зохиолч)
Ховор хүн
С.Удвал үнэхээр ховор хүн, өнөөгийн босгоноос харахад бүр ч ховор хүн. Төр нийгмийнхээ зүтгэлтний хувьд, уран бүтээлчийн хувьд ямар эгнэшгүй хүн бэ гэдгийг Түдэв гуай тодорхой гаргасан байна. Бас тэр хүнийхээ хувьд энэ цагт “ховордсон” ээж. Цалингаа аваад бүх мөнгөө бэлгэнд зориулчихдаг, гадаадад явахдаа хөдөөгийн хөгшдөд юу өгөх вэ гэж харж явдаг хүн одоо байхгүй.
Энэ бүхнээс ч бодсон С.Удвал гуай үнэхээр “Ховор хүн”. Ази-Африкийн зохиолчдын сэтгүүл “Лотус”-ын шагнал хүртсэн ганц зохиолч байдаг нь Сономын Удвал. Дэлхийн энх тайвны шагнал Жюлио Кюрийн шагнал хүртсэн гурван хүний нэг нь бүсгүй хүн. Тэр бол Сономын Удвал. 70 гаруй жилийн түүхтэй Монголын зохиолчын хороог олон дарга удирдаж байсан ч Сүхбаатарын одон гоор шагнуулсан удирдагч ганцхан.
Тэр нь Сономын Удвал. Мөн төдий жилийн түүхтэй Эмэгтэйчүүдийн байгууллагыг Францын нэрт зүтгэлтэн Эжени Коттоны медалиар шаг нуулсан ганц дарга нь мөн л Удвал гуай. 13 жил МЗЭ, 40 жил МЭХ-г удирдаж явсан ганц эмэгтэй дарга гэвэл бас л тэр. 10 удаа депутатаар сонгогдож, 40 жил төр барилцан, 22 жил АИХ-ын тэргүүлэгч гишүүн явсан эмэгтэй гэвэл Сономын Удвал. Ийм хүнийг “Цагийг эзэлсэн хатагтай” гэхгүй өөрөөр юу гэж нэрлэх вэ. Таны гэгээн намтар түүх уншигчдын сэтгэлд мартагдаж буй хүн чанарын одыг улам бадраах болтугай.
С.ОЮУН (МЗЭ-ийн шагналт яруу найрагч)