Монголын үндэсний музейн Уламжлалт соёлын танхимд та бүхний харж буй энэ үзмэр байдаг юм. 18 настай эмэгтэй хүний дунд чөмгөөр энэ хөгжмийг хийдэг гэсэн яриаг хэн нэгнээс сонссон ч, итгэмгүй санагдаж билээ. Тиймээс музейн мэргэжилтнээс дараах мэдээллийг авлаа. Чөмгөн ганлин нь XIX зууны үеийн шашны хөгжмийн зэмсэг юм. Заримдаа гандан гэж нэрлэх нь бий.
Дээр үед хүрээ, хийдүүд шашны элдэв зан үйлийн үед дун бүрээ, бишгүүр, матар гандан, их бүрээ, хэнгэрэг, цан, хонх, дамар, сэлнэн зэрэг төвд, самгарди нэршилтэй үлээвэр болон цохилуур хөгжмийн зэмсгийг ашигладаг байжээ. Дээрх хөгжмийн зэмсгийн ихэнх нь буддын шашны ёслол, зан үйлтэй холбогдож Төвдөөс орж ирсэн. Цордон бүрээ, дамар, хэнгэрэг, мөн бялар (бишгүүр) зэргийг хослуулан үлээдэг ёстой. Эдгээр нь үлээвэр, цохивор хөгжмийн зэмсгийн төрөл юм.
Урт бүрээг хэдэн хүн дамнан явж тоглодог бол дуударам, том жижиг цан, сэлнэн, дэншиг, гандан, дун зэрэг цохивор, үлээвэр хөгжмийн зэмсгийг өдөр тутмын хурал номын үед өргөн хэрэглэдэг. Гандан буюу ганлин нь зэсэн, чөмгөн хоёр янз. Зэс ганлин нь луу, матрын толгойг хөөж чимэглэсэн сийлбэр чимэгтэй, 50-60 см урттай бол чөмгөн гандан нь 18 настай эмэгтэй хүний дунд чөмгөөр хийж, чөмөгний булууг ногоон сарьсаар бүрсэн байдаг.
Хурлын үед голдуу лам нар ганлинг үлээдэг байжээ. Дашрамд дуулгахад, шашны хөгжмийн зэмсгүүдийн заримыг нь өдгөө үндэсний найрал хөгжимд ашигладаг юм билээ.
Ж.СОЛОНГО