Өвөрмөц санаа, шийдэлтэй клипээрээ алдартай найруулагч Вуершан кино ертөнцөд хүч сорихоор шийджээ. Түүний бүрэн хэмжээний анхны кино ““Мал нядлагч, тогооч, илдээр тулалдагч гурав” нь box office-ийн жагсаалтад багтсан аж. Хонконгийн иргэн тэрбээр Монголд төрсөн аж. “Time out” сэтгүүлд өгсөн түүний ярилцлагыг товчлон хүргэе.
-Шинэ бүтээлээ “Хоолны хутганы түүх” нэртэй бэсрэг зохиолоос сэдэвлэснийг тань сонссон. Энэхүү зохиолын юу нь таныг татсан бэ?
-Тэр бол миний уншсан хамгийн хөгжилтэй зохиол. Хэрвээ үүнийг кино болговол ямар болох бол гэсэн бодол маань “Мал нядлагч, тогооч, илдээр тулалдагч гурав” руу хөтөлсөн юм. Зохиолыг киноны хэл рүү хөрвүүлэхийн тулд хэдэн зүйлийг хасаж, нэмсэн. Түүнчлэн энэхүү бүтээлд бага төсөв шаардагдах нь намайг татсан даа.
-Бага төсөв шалтгаан болсон гэж үү?
-Тийм ээ. Таны төсөөлснөөс ч бага мөнгөөр энэ киног бүтээсэн.
-Харин ч нүсэр төсөвтэй бүтээл шиг харагдсан шүү дээ.
-Манай кино багийнхны ур чадварт л учир нь байгаа юм. Тэдний ихэнх нь олон жилийн туршлагатай, сайн уран бүтээлч.
-Та хэний, ямар бүтээлд дуртай вэ?
-Миний сонирхол цаг тутамд өөрчлөгдөж байдаг юм. Нэг чиглэл, хэлбэрт баригдах дургүй. Холливудын шинэ эрин гэгдэж буй Кристофер Нолан, Дэвид Финчер, Пол Андерсон, Даррен Ароновски нарын бүтээлийг сүүлийн үед үзэж байна. Тэд олон төрлийн урсгалын бүтээлд хүчээ сорьж, байнга шинийг сэтгэдэг. Киноны амин сүнс үүнд л оршдог гэж би боддог.
-“Мал нядлагч, тогооч, илдээр тулалдагч гурав”-ыг бүтээхэд тэдний нөлөө байсан уу?
-Би хэн нэгний хийсэн зүйлийг давтахаас зайлсхийдэг. Гэхдээ зураглал, гоо сайхны хувьд Вон Кар Вайн “Цаг хугацааны нурам” бүтээлээс санаа авсан. Ашиг хонжоо, мөнгөний тулаанаар дүүрсэн кино ертөнцөд урлагийн бүтээл гэж нэрлэгдэх цөөн киноны нэг нь энэ гэж би үздэг юм. Түүнчлэн Стивен Чоугийн элэглэл, хошин шогийн мэдрэмж миний бүтээлд нөлөөлснийг үгүйсгэхгүй.
-Киноны харилцан яриа, эхлэл төгсгөл нь уламжлалт бус хэлбэртэй байсан. Орчин үеийн урлагийн бүтээл туурвихыг оролдсон тань энэ үү?
-Энэ бол инээдмийн кино. Бид үүнийг яг л тоглоом тоглож буй мэтээр хийсэн. Тэгээд ч миний хувьд кино гэдэг халдашгүй цайз биш. Үзэгчид ч санаагаа тусгаж, шинэ зүйл нэмэх боломжтой чөлөөт урлаг юм. Өөрөөр хэлбэл, үзэгчийн бодол, санаа, мэдрэмж киноны нэг хэсгийг бүтээдэг.
-Дэлхийн олон орны хүмүүст таны кино таалагдсан. Тэгвэл хятад үзэгчид энэхүү киног хэрхэн хүлээн авч байна вэ?
-Найруулагчийн үүднээс би дүгнэлт хийх нь буруу байх. Тун дажгүй кино хэмээн зарим нь дүгнэнэ, хэнд ч хэрэггүй гэж бодсон үзэгчид ч байгаа байх.
Б.ГАНДИ