Бүүвэй, бүүвэй, бүүвэй...Гал бадамласан тулганы дэргэд нэгэн эмэгтэй нэхий өлгийтэй хүүхдээ тэврэн суунгаа бүүвэйн дуу намуухан аялна. Монгол дээл хувцсаараа ижилссэн дуучид тайзнаа гарч, бүүвэйнд түрлэг нэмлээ. Хөшиг хаагдан улмаар шинэ үзэгдэл эхлэхэд өглөө болсон байх аж. Залуу хос зугаалан явах бөгөөд тэд уул, усны сайхныг магтан ярих аж. Бие биенээсээ харцаа салгаж үл түвдэх тэд ирээдүйн сайн сайхныг зөгнөн мөрөөдөж алхалсаар.
...Хайлаас модны мөчир дээр
Харцага шувуу жиргэж байна
Ханилсан бид хоёр
Хамтрахын үгээн ярих уу даа
Уул ус нь тэгш бол
Жигүүртэн донгодох нь яруу
Уг сэтгэл нэг бол
Үг хэл найрамдуу...хэмээн тэд дуулна.
...Ямар жүжгийн хэсэг гэдгийг нь та таасан ч байж мэднэ. Тийм ээ, энэ бол Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” жүжгийн эхлэл. Завхан аймгийн Л.Ван ганы нэрэмжит Хөгжимт драмын театрынхан “Гэгээн Муза” наа дамд энэ жил “Учиртай гурван толгой”-той иржээ. Уг театрынхан дөрөв дэх удаагаа энэхүү наадамд өрсөлдөж буй юм. Бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн тэдний “Үйлийн үр” жүжиг 2004 онд шилдгээр шалгарч, 2009 онд “Буудлын авхай”-н Ортензийн дүрээр тус театрын жүжигчин С.Доржпагма туслах эмэгтэй дүрийн шагналыг авсан юм. Театрын найруулагч Л.Лхагважавтай бэлтгэлийн нь үеэр ярилцсанаа хүргэе.
-Танай хамт олон энэ жилийн наадмаас юу хүлээж байна вэ?
-Үзэгчид манай жүжгийг сайн хүлээн авч, голд нь ортол мэдэрвэл бидний хүсэл биелэх нь тэр. Тухайн үеийн хүмүүсийн хайр дурлал, цаг үеийн явдал, ахуй амьдралыг ч үнэн мөнөөр гаргахыг зорьсон. “Учиртай гурван толгой” бол Монголын “Ромео Жульетта” шүү дээ.
-Завханы театрын “Учиртай гурван толгой”-н онцлог юу вэ?
-Их зохиолч Д.Нацагдоржийн уг жүжгийг Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нар хамтран 1942 онд дуурь болгон тавьсан. Ингэхдээ эмгэнэлт жүжгийг баатарлаг хэлбэрт оруулан цомнолыг нь бичиж л дээ. Тэгвэл бид “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг эх зохиолтой нь адил эмгэнэлт хэлбэрээр буцаан тавьсан юм. Гэхдээ Б.Дамдинсүрэнгийн хөгжмөөр тоглосон.
-Орон нутгийн театрууд хотынхоос муу гэх ойлголт байсан нь одоо үгүй болсон юм шиг ээ. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Уг нь уран бүтээлчдийн ур чадварын хувьд ялгаа байдаггүй ч манайхан хүчээр ялгаруулах гээд байдаг нь ажиглагддаг. Хотынхны хувьд үзэгчийн тоо, техник хэрэгсэл, менежментээрээ биднээс давуу байх. Мэдээж бүхэл бүтэн Улсын эрдмийн театр юм хойно тайз, боловсон хүчнээрээ ч илүү. Гэхдээ хамгийн чухал нь орон нутгийн театрын дуучид, жүжигчид, хөгжимчид ч чадварлаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ жил “Гэгээн Муза” наадамд оролцож буй Архангай, Сүхбаатар, Дундговь, Завхан, Төв аймгийн уран бүтээлчид үүнийг харуулах биз. Түүнчлэн орон нутгийн театрын уран бүтээлчид ардын язгуур урлагийн арвин нөөцтэйгээрээ давуу.
-Л.Ванганы нэрэмжит театр учраас жүжгүүдээс нь байнга тоглодог уу?
-Тэгэлгүй яах вэ. Бид Л.Ванган гуайн хэд хэдэн жүжгийг тавьдаг. Монголын театрын урлагийн томоохон төлөөлөгч, зохиолч түүний жүжгийг тоглохоос гадна өндөр их нэр хүндийг нь унагахгүй байх нь чухал гэж би боддог юм. Хаана ч гологдохгүй сайн бүтээл туурвихын тулд манай уран бүтээлчид хичээцгээж байна. Жүжиг үзээд хүн ямар нэгэн зүйлийг ойлгож ухаараад гараасай гэж би хүсдэг. Театрт ирнэ гэдэг ариун сүмд орохтой адил гэдэг. Жүжгийн үйл явдал, уран бүтээлчдийн үйл хөдлөл, үг яриа нь бүгд тухайн агшинд болдог учраас амьд. Ийм ч учраас үзэгчидтэйгээ дотно холбоо тогтоож чаддаг юм. Магадгүй тухайн үзэгч жүжгээс өөрийн амьдралыг, алдаа оноогоо харж дотроо нэг бодолтой болдог ч юм бил үү. Сайн жүжиг бүхнийг өөрчлөх чадалтай шүү дээ.
Б.ЭГШИГЛЭН