ШҮҮМЖ
“Парисын дарь эхийн сүм”, “Муурнууд”, “Чикаго”, “Ромео, Жульетта”, “Дуурийн хий үзэгдэл” зэрэг дэлхийн шилдэг мюзиклийн дээжсээс бүрдсэн тоглолтыг Монголын тайзнаа тавих тухай мэдээлэл олон хоногийн өмнөөс урлагт дуртай хүмүүсийн чихийг сортолзуулсан. ДБЭТын уран бүтээлчид, орчин үеийн бүжгэн жүжиг, циркийн үзүүлбэр, “Нюанс”, “Voice” хамтлагийнхан тус тоглолтод оролцоно гэсэн нь бүр ч “хорхой хүргэсэн” юм.
Энэ сарын 28, 29-нд ДБЭТ-ын үүд хавиар хөл гишгэх зайгүй байсан нь “Дэлхийн сонгодог мюзикл” тоглолтыг хүмүүс хэр хүлээснийг харуулсан наад захын жишээ байв. Тасалбар сурагласан хүмүүс ч харагдсан. Тоглолт эхэллээ. Тун харамсалтай нь том нэр, сүржин зарлалаар үзэгчдийг далласан шигээ тоглолт болсонгүй.
Энэ өдрийн төлөө бүтэн жилийн турш бэлтгэл хийж, 100 уран бүтээлчийг хамруулсан гэж ирээд л найруулагч З.Лхагважав хэвлэлээр мэдээлж байсан. Гэтэл тэдгээр уран бүтээлчийн талаас илүү хувь нь СУИС, “City” дээд сургуулийн оюутан байлаа. Оюутан гэдэг утгаар нь голсонгүй ээ.
Ур чадвартай оюутан байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь тэдний мэргэжлийн чадвар тун хангалтгүй байснаас гадна тайзны соёл гэдгийг огт мэддэггүй бололтой. Учир нь тэдний ихэнх нь гадаа гудамжинд чирч явсан гуталтайгаа тэр сайхан тайзан дээр гарчихаад хээв нэг байх юм. Тэгээд бүр тоосыг нь арчаагүй байсан нь олон үзэгчийн дургүйцлийг төрүүлэв.
Тоглолтын эхэнд дэлхийн үзэгчдийн танил болсон алдарт “Парисын дарь эхийн сүм”, “Ромео, Жульетта” мюзиклийн хэсгээс тоглосон нь мэргэжлийн уран бүтээлчдийн хэмжээнд хүрсэнгүй. Шулуухан хэлэхэд, сургуулийн урлагийн үзлэгтэй төстэй санагдсан. Үзэгчдийн шивэр авир яриа, сулхан алга ташилт үүнийг гэрчлэх биз.
Харин “Дуурийн хий үзэгдэл” мюзиклийн хэсгээс “Voice” хамтлагийнхан дуулж үзэгчдийн сэтгэлд хүргэж чадсан нь бага ч гэсэн тайтгарлыг авчирсан. Гэхдээ...бас л дутагдалтай. Мюзикл бол бүжигтэй, жүжиглэлтэй, дуутай, хөгжимтэй бүтээл байдаг. Юун төлөө урлагийн олон төрлийн нэгдэл мюзиклийг тоглож байгаа билээ дээ.
“Voice”-ийнхон энэ бүгдийг хослуулсангүй, зөвхөн дуулсан. “Нюанс”-ынхан мөн л мюзикл хэлбэрээр бус, жирийн тоглолт маягаар дуулчихсан. Мэргэжлийн уран бүтээлчдийн сэтгэл дутаж, оюутнууд нь оромдсон уг тоглолтод тайзны соёл хамгийн их үгүйлэгдэж байсныг дахин хэлмээр байна. Хайш яйш хувцасласан нь “модон” жүжиглэлтийг нь улам болхи харагдуулсан.
Дэлхийн шилдэг бүтээлийг Монголд хэмээн сурталчилж, сонгодог урлагийн алтан тайзнаа зохион байгуулсан энэ тоглолтод “онц” гэдэг үнэлгээ хавьтахгүй, “сайн” дүн данхайна. Тэгэхээр жил орчим бэлтгэсэн хэмээн сүржигнэж байсныг нь бодоод “гурав” гэсэн үнэлгээ тавилаа.
Гэхдээ “гурав ч томдоно” гэж хэлэх үзэгч байхыг үгүйсгэхгүй. Үзэгч, тэр дундаа сонгодог урлагт дуртай хүмүүс зөвхөн тоглолтыг бус, бүх талаас нь таашаал авахыг хүсдэг юм шүү. Сүржин нэртэй иймэрхүү даржин тоглолт олон болбол урлагийн сүр хүч, олныг үлгэрлэн дагуулдаг манлайллыг нь гутаах вий дээ.
Б.Эгшиг