Америкийн Аризона мужийн Феникс хотын хөгжмийн зэмсгийн музей өнгөрсөн зун морин хуурыг сан хөмрөгтөө авчээ. Америкийн хөгжим судлаач, “Global Rhythm Radio”-ын хөтлөгч Мэт Мүүн тэрхүү музейд морин хуур үзэж, сонссон сэтгэгдлээ “Flagstaff live” сэтгүүлд нийтлүүлснийг хүргэе.
Салхи хүүгсэн Монголын цэлгэр талд хэсэг хүн морин хуур тоглож байна. Тод өнгөтэй дээл өмссөн тэдний урт хар үс салхинд намирах аж. Фениксийн хөгжмийн музейд зочлон Монголын уламжлалт хөгжмийн зэмсгийг сонсоход ийм л дүр зураг сэтгэлд минь буусан. Өмнө нь хэзээ ч сонсоогүй өвөрмөц, содон аялгуу үгээр илэрхийлшгүй гайхалтай мэдрэмж төрүүлсэн юм. Хэдийгээр монгол хөгжимчдийн тоглолтыг үзэж байгаагүй, Азид өмнө нь очоогүй ч морин хуур хөгжмийн аялгуу хэсэг зуур ч гэсэн намайг тийш аваачсан.
Бие маань музейд байвч сэтгэлээрээ холын уудам нутгаар аялж байлаа. Хөгжмийг мэдрэхэд үг хэрэггүй. Энэ бол зүрх сэтгэлийн хэл. Зөвхөн номноос уншсан тэрхүү үзэсгэлэнт байгаль, нүд алдам их талыг би хөгжмийн эгшгээр мэдэрч байв. Энэхүү хөгжмийн зэмсгийг морины сүүлний хялгасаар хийдэг нь сонин. Хоёрхон чавхдастай хэдий ч нэгэнд нь 100 гаруй хялгас багтдаг аж. Морин хуурын аялгуу дуусаж, би “аялал”-аасаа буцан ирлээ. Морин хуур уг музейд буй 10.000 үзмэрийн ердөө нэг нь.
Тэнд байгаа зэмсэг бүр өөр өөр түүх өгүүлж, шинэ мэдрэмж төрүүлэх шидтэй. “Дэлхийн өнцөг булан бүрийн улсын соёлын их өв болсон хөгжмийн зэмсгийг нийтэд таниулах нь бидний зорилго. Тухайн үндэстний онцлогийг шингээж, түүхийг хадгалсан тэдгээр зэмсэг дахин давтагдашгүй онцгой баялаг” хэмээн музейг үүсгэн байгуулагч Боб Улирих ярьжээ.
Б.ЭГШИГ