“Бурхан минь, энд тэндгүй хөглөрөх энэ олон юмнаас бийр, будгаа тэр яаж олдог юм бол. Бөмбөг дэлбэрсний дараа л ийм байдаг байх” .Түүний урланд ороход төрсөн анхны сэтгэгдэл энэ. Харин тэрбээр “Бүх зүйлийг цэгцэлчихээр би будилчихдаг юм.
Хаана юу байгааг ч мэдэхээ больдог. Магадгүй дэл сул, ундуй сундуй байдал миний эмх цэгц ч юм билүү” гэж өөрийгөө хаацайлсан. Гэхдээ тэр дотроо нямбай, хянуур хүн юм шиг ээ. Асуулт бүрийг удаан бодож хариулах нь, цүнхэн дэх номыг маань аль хэдийнэ олоод харчихсан нь үүнийг гэрчилнэ. Монголын орчин үеийн урлагийн “Хөх нар” төвийн зураач Д.Дорждэрэмтэй танилц.
-Уран бүтээлч болоход тань нөлөөлсөн ямар нэгэн учрал, тохиолдол байдаг уу?
-Би багадаа их ганцаардмал хүүхэд байв. Гурван дүүтэй байсан ч яаж ийж бай гаад л нэг газар очоод ганцаараа суучихдаг, хүүхдүүдтэй тэр бүр тоглохгүй. Намайг тоохгүй байна гэж гөжүүдэлдэг байсан нь тэр ч юм уу. Багаас хамт байсан тэр ганцаардал намайг уран бүтээлчийн зам руу түлхсэн болов уу гэж би боддог. Дөрвөн настайдаа биеийнхээ талтай тэнцэх хэмжээтэй морийг баримлын шавраар хийж билээ. Хүмүүс магтаж, мундаг барималчин болох хүүхэд байна гээд л. Тэгэхэд өөрийгөө барималчин юм байна гэж бодсоноо одоо ч санадаг.
-Та юуны төлөө зурдаг юм бэ?
-Зөвхөн зураг гэлтгүй, миний баримал, фото инстоляци надаас төрсөн оюун санааны хүүхдүүд. Би түүнд зориулж, тэрний, энэний төлөө гэж зурдаггүй. Миний бодлоор бүтээл туурвина гэдэг жирэмсэн болохтой адил. Санаа эхлээд орж ирнэ, дотроо бодож, боловсруулж удаан явна. Тэгээд нэг л өдөр дотроос тэсрэх мэт гарч ирдэг. Хорвоо дээр байгаа бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой юм шиг санагддаг. Бүтээлүүд маань надаас урган гарсан ч өөр өөрийн эзэн, орчин нөхцөлтэй. Азийн орчин үеийн урлагийн музейд буй хэдэн баримал маань байх ёстой газраа очсон гэж би боддог.
-Тэгвэл та хэнд, юунд зориулагдан төрсөн гэдгээ хэлж чадах уу?
-Монголын урлагийн ертөнцөд хувь нэмрээ оруулахыг зорьж явна. Мөн энэ ч үүднээс би төрсөн болов уу.
-Хэрвээ урлаг гэж огт байгаагүй бол дэлхий ямар байх байсан бол?
-Урлаг байхгүй бол ямар байх вэ гэсэн зүйл байхгүй. Дэлхийгээс урлагтай холбоотой бүх зүйлийг авч хаялаа гэхэд тэнд юу ч үлдэхгүй. Утга учир, гэрэл гэгээ ч байхгүй. Урлагийг үл тоомсорлогч хүмүүст ч энэ хамаатай. Бидний хэрэглэдэг эд зүйлс, ширээ сандал, хувцас хунарт бүгдэд нь урлаг шингэсэн. Урлаггүйгээр би өөрийгөө байтугай, хорвоо ертөнцийг ч төсөөлж чадахгүй.
-Та цөөнгүй бүтээлдээ аргаль угалзын эврийг дүрсэлсэн бай даг. “Дүрвэгсэд” үзэсгэлэнд тань ч эврээр хийсэн инстоляци, баримал, зураг олон байсан. Тэдгээр нь ямар бэлгэдэл агуулсан бүтээл вэ?
-Эргэн тойрноо сайн ажиглавал хү- мүүсийн дүр төрх, хөдөлгөөн эсвэл зан араншингаас нь амьтанлаг шинжийг харж болно. Бид эвэргүй л болохоос адилхан амьтан. Нөгөө талаас яривал тэдгээр нь цаг хугацааг илэрхийлдэг. Тухайн амьтан том болж, өсөх тусам эвэр нь ургана. Эвэр ний эрчлээсүүд бол цаг хугацаа, дурсамжийн тойрог. Өөрөөр хэлбэл, хүний үзэж туулсан зүйлс, өнгөрүүлсэн цаг хугацааг хэсэг хэсгээр нь сиди дээр хууллаа гэхэд том цомог болно доо. Тэр бүгдийг зэрэгцүүлээд тавибал яг л эвэрний эрчлээс шиг харагдана. Миний ихэнх бүтээлийн гол сэдэв бол цаг хугацааны хэлхээс, дурсамж.
-Тархины рентген зургийг дэвсгэр бол гож жинлүүр, сиди, эм зэргийг дүрсэлсэн “Хөрөг ярилцлага” бүтээл тань надад их таалагдсан. Толгойд нь хөгжм өөс өөр зүйл байхгүй тэр хүн би өөрөө мэт. Ингээд бодохоор бүтээл бүтээгчийнхээ санааг дамжуулдаг биш харин хүн бүр өөрийнхөөрөө тайлан уншдаг юм шиг ээ.
-Өвөөгийнхөө тархины томограф зургаас уг бүтээлийн санаагаа олсон юм. Техно логийн тусламжтай хүнийг нэвт харж болдог бол үзэл бодол, мөн чанарыг нь оюун санааны үүднээс нэвтэлж болно. Бүтээл бол хүнтэй л адил. Өөрийн гэсэн нэр, гадаад үзэмж, хэл, оюун санаатай. Би тэднийг төрүүлсэн.
Гэхдээ тэд цаашид хаана очиж, хэнтэй уулзахыг би таашгүй. Тэд надтай ярьдаг шигээ үзэгчидтэй ч мөн ярилцана. Хүн бүр түүнийг өөрөөр хүлээж авна, янз бүрээр дүгнэнэ, хэн ч яаж ч ойлгож болно. Тэрнээс биш би ингэж бодож хийсэн, миний санаа энэ гэж хэнд ч тулгахгүй. Гэхдээ миний илэрхийлсэн гол санаа, өгүүлэмж цаанаа агуулагдаж байгаа.
-Орчин үед ихэнх уран бүтээлч контемпорари чиглэлээр бүтээлээ туурвиж байна. Гэхдээ контемпорари бүтээл хэн ч хийж болмоор, амар хялбар харагддаг болохоор хэлбэрдэгч нар олон гарч ирээд байна уу?
-Миний өвөөгийн амьдарч байсан үеийг одоотой харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай. Хэрэглээний төвшнээс эхлээд хү мүүсийн үзэл бодол, сэтгэлгээ нь тэс өөр. Ийм нөхцөлд контемпорари урлаг орших нь зайлшгүй. Гаднаас нь хараад гарын үзүүрээр хийчихмээр, эсвэл баахан хог новш овоолчихож байна гэж ойлгодог хүмүүс үзэгчдийн төдийгүй бидний дотор ч байх юм.
Яах вэ, хэлбэрдэгч нөхдийн хийе, бүтээе гэсэн санаа нь сайхан ч нийгэмд үзүүлж буй уршиг нь хайран. Тэд урлаг бол энэ гээд бүтээлээ үзүүллээ гэхэд бусад хүмүүс урлагийг түүгээр нь л хүлээн авна шүү дээ. Байшингийн суурийг нь цутгаагүй байж ханыг нь босгохтой л адил. Гэхдээ тэднийг үнэлэх, дүгнэх нь шүүмжлэгч, судлаачдын ажил. Урлаг гэж ийм юм байдаг, энэ нь жинхэнэ, тэр бол хэлбэрдэгч гэдгийг урлаг шүүмжлэгчид л бичнэ. Ингэснээр олон нийтэд ч зөв ойлголт төлөвшинө.
-Таны дуртай хөгжим бүтээл туурвихад ямар нөлөө үзүүлдэг бол?
-Дэлхийн олон орны, янз бүрийн урсгалын дуу би сонсдог. Тэдгээрээс намайг хамгийн ихээр хөглөдөг нь морин хуурын аялгуу, хөөмий, уртын дуу. Магадгүй цусанд маань шингэсэн тэр зүйлсийг өдөөгч нь монгол аялгуу биз. Хөгжмийн зохиолч Карл Орфийн “Кармина Бурана” бүтээлийг зургаар илэрхийлэн дипломын ажлаа хийсэн. Дайныг эсэргүүцсэн утгатай уг зохиолын эхний хэсэг нь “Хувь заяаны хүрд” нэртэй. Тэр хэсгийг анх сонсоход бүхнийг хамах чадалтай асар том хуй салхины эргүүлэг сэтгэлд буусныг би дүрсэлсэн юм.
-Өнөөгийн нийгэм бүтээлд тань хэрхэн тусгалаа олдог вэ?
-Зөвхөн Монголын гэлтгүй, дэлхий дахины өнөөгийн байдал миний бүтээлд нө лөөлдөг. Учир нь бид нэг л цаг үед амьдарч байна. Өнөөдөр болж буй үйл явдал, үзэгдэл юмсыг би хэрхэн хүлээж авч, мэдэрч буйгаа бүтээлээрээ илэрхийлдэг. Жишээ нь “Дүрвэгсэд” үзэсгэлэндээ хотжилт, ир гэншлийн сөрөг нөлөөг харуулахыг зорьсон. Техник технологийн дэвшил, хөгжил сайн зүйл хэдий ч хүн байгалийн холбоо, амьд харьцааг алдагдуулдаг. Энэ их утаа, дуу чимээ, нийгмээс зугтахыг, өөрийгөө тусгаарлахыг хүсдэг хүмүүс ч бий шүү дээ. Тэд бол дүрвэгсэд.
-Та түрүүн ганцаардмал хүүхэд байсан тухайгаа ярьсан. Тэр ганцаардал таныг одоо ч дагасаар байна уу?
-Хүн угаасаа л ганцаардмал амьтан. Чи эхийнхээ хэвлийд 10 сар ганцаараа байж байгаад ирсэн. Ганцаараа буцаад явна. Амьдрал дээр ч ганцаараа. Учир нь чи бол ганц хувь, хэзээ ч дахин давтагдашгүй. Зарим хүн ганцаардлаас айдаг гэж ярьдгийг би лав ойлгодоггүй. Бас сөрөг мэдрэмжтэй холбоотой гэж ч бодохгүй байна. Магадгүй өөрийгөө олох, аливааг танин мэдэх тулах цэг нь ганцаардал байж ч болох юм.
-Ганцаардал бүтээл хоёр таны хувьд холбоотой байдаг уу?
-Янз бүр дээ. Ганцаардал заавал бүтээл төрөх агшныг бий болгохгүй шүү дээ. Нэг тийм юм хийнэ дээ гэсэн бодолтой, санаагаа дотроо боловсруулаад явдаг. Бий болох цаг нь бүрдсэн тэр үед бүтээл гэнэт дотроос оргилж, гарч ирдэг юм. Зарим хүний хэлдгээр онгод орох гээч нь тэр байх.
-Дорждэрэм өөрийгөө олсон уу?
-Дорждэрэмийг түүгээд л явж байна. Байсан юмаа дотроос нь ухаж олоод, байхгүйгээ гаднаас цуглуулсаар л. Олохыг нь олоод, зарим нь замдаа гээгдээд л. Гэхдээ өөрийгөө бүрэн төгс олсон хүн гэж байдаг юм болов уу. Хэрвээ байдаг бол гэгээрсэн хүн биз.
Би өөрийнхөө хорвоо ертөнцийг танин мэдэж, тэрийгээ бүтээлээрээ илэрхийлж явна. Бүтээл бол томъёо биш. Хэн нэгэнд батлах албагүй. Миний бүтээл зөв буруу, үнэн худал аль нь ч байж болно. Өөрийгөө нээсэн, хорвоог таньсан маань л тэр юм.
Б.Эгшиглэн