ГЭР БҮЛ ... Энэ үгийн цаана хэчнээн нандин харилцаа оршин тогтнож, зүрх сэтгэлд халуун дулаан уур амьсгал, хайр энэрэл мэдрүүлж байдгийг хэмжихэд бэрх. Харин ЦИРК гэдэг энэ үгийн цаана ямар зүйл байдгийг та мэдэх үү. Гайхан биширмээр хэрнээ эрсдэлтэй санагдах энэ урлагийг төлөөлдөг уран бүтээлчид нь хөх дээвэртэй өргөөгөө гэр орныхоо дайтай хүндэлж, хамт олноо хамаатан садан шигээ дотночилдог юм билээ.
Тиймээс энэ их айлын хүүхдүүд нь бие биетэйгээ уран бүтээлээрээ төдийгүй амьдралаараа холбогдож циркийн урлагийн голомт сахисан удам залгамжийг бий болгож яваа. Энэ удаа Л.Нацагийнхныг “Удам залгамж”-ийн хойморт урин заллаа. Монголын циркийн урлагийг үндэслэгчдийн нэг, ардын жүжигчин Ламзавын Нацаг, түүний хүү соёлын тэргүүний ажилтан Н.Болдбаатар, ач хүү Б.Алтаншагай нар болон тэдний гэр бүлийнхний ажил үйлс, уран бүтээлийн талаар Н.Болдбаатар агсны гэргий Б.Оюунтай уулзаж ярилцлаа.
-Танай гэр бүлийн зургийн цомгийн эхний хуудсанд Ж.Раднаабазар, Л.Нацаг гуай хоёрын хаан бугуйвчаар биеэ ороон чимэглэсэн зураг байна. Энэ гэр бүлийн амьдрал цирктэй холбогдсон түүх эндээс эхэлж байгаа юм аа даа?
-Тухайн үед Нацаг аав, Ж.Раднаабазар гуай хоёрын үзүүлбэрийн хувцсыг хаан бугуйвч оруулсан загвартай байхаар зохион бүтээсэн юм билээ. Монголын сэхээтнүүд ЗХУ-д очиж циркийн тоглолт үзээд, их сонирхсоноор манайд циркийн урлаг бий болох эх үүсвэр болжээ. Дараа нь Ж.Раднаабазар гуай Рафад сурч, хоёр сар дамжаанд суугаад нутагтаа ирж уран биеийн тамирыг санаачилсан гэдэг. 1936-1938 онд ЗХУ-ын циркчид Монголд ирж хөдөө, орон нутгаар тоглож манайхны анхаарлыг ихээхэн татсан. Тиймээс Ж.Раднаабазар гуай Монголд циркийн урлагийг хөгжүүлье гээд Нацаг аав, Гомбо гуай хоёрыг аваад бэлтгэж эхэлсэн юм билээ. Улмаар 1940 онд анхны хүүхдүүдээ сонгон сургаад 1941 оны долдугаар сарын 9-нд Яармагийн дэнжид задгай театрт нээлтээ хийж байсан түүхтэй.
-Л.Нацаг гуайг Монголын театрын урлагийн хүндтэй төлөөлөгч Л.Ванган гуайн дүү, Монголын циркийн урлагийг үндэслэгчдийн нэг гэдгийг олон хүн мэднэ. Харин энэ хүн хэдэн хүүхэдтэй байв, тэднээс хэн хэн нь циркийн урлагт хүчин зүтгэж байна вэ?
-Нацаг аавын анхны гэргий нь Пүрэвсүрэн гэж дуучин эмэгтэй байв. Тэд гурван хүүхэдтэй. Том охиныг нь Цогсүрэн гэдэг. Дундах нь манай өвгөн (Н.Болдбаатар), багыг нь Ганболд гэдэг. Дараа нь Нацаг аав Даваажав гэдэг эмэгтэйтэй гэр бүл болж Баяраа, Энхээ, Навчаа, Мөнхөө гэж хоёр хүү, хоёр охинтой болсон. Харин манай маам балетийн жүжигчин Баатартай гэрлэсэн. “Тунгалаг Тамир” уран сайхны киноны Эрдэнийн дүрд тоглодог шүү дээ. Энэ гэр бүлийнхний ихэнх нь урлагийн мэргэжилтэй. Аавынхаа мэргэжлийг өвлөж циркийн урлагт насаараа хүчин зүтгэсэн нь манай өвгөн. Мөн Баяраагийн охин Болормаа хэсэг хугацаанд “Сарлагтай акробат”, “Шидэлттэй акробат”-ын жүжигчнээр ажиллаж байсан.
Өвгөн маань “Аав минь энэ олон хүүхдээс намайг сонгон циркийн урлагт татан оруулсан нь “Энэ л боломжтой” гэж дүгнэснийх биз” хэмээн ярьдаг байсан юм. Уг нь манай хүн дунд сургуулиа онц төгссөн юм билээ. Нэг удаа хөлбөмбөг тоглож байгаад хичээлээ тасалтал захирал нь дуудаад хувийн хэргийг нь өгөөд “Чи цирк рүү яваад оч” гэжээ. Хичээл тасалсныг нь мэдчихээд аавд хэлчихэж гэж бодоод эмээсээр цирк дээр очиж. Тэгсэн аав юу ч мэдсэн шинжгүй “За чи үүнээс хойш циркийн урлагт суралцана” гэж хэлээд багш нартай нь танилцуулж, сургаж эхэлсэн байгаа юм. Манай хүн циркийн сургуулийн 1964 оны төгсөгч. Тэдний ангиас гавьяат жүжигчин Жанчивдорж, Цогцэцэг, Норжмаа, Нарантуяа, Даваахүү нарын циркийн алдартнууд төрсөн байдаг юм.
-Ямар ноймероор мэргэшиж төгссөн бэ?
-Циркийн сургуулийн төгсөгчид энэ урлагийн бүх төрлийг сурдаг юм. Анх газрын үсрэлт, турнек, тулах тэнцвэр, “Анчин ба шувуу” болон хөгжмийн хөгжилтэй тоглолтыг аавтайгаа хамтран хийдэг байсан. Ер нь авьяастай жүжигчин шинэ үзүүлбэр гаргахын тулд удаан бэлтгэдэггүй юм билээ. Халаасанд нь байдаг гэж ярьдаг шүү дээ, хэзээний л ямар нэгэн юм бодож, сэтгэчихсэн явдаг юм. Миний хань 40 гаруй уран бүтээл хийсэн. Циркийн урлагт “Морьтны гайхамшиг”, “Хүч тамирын гайхамшиг”, “Илбэ ухааны гайхамшиг” гэж гурван гайхамшиг бий. Түүний хоёрт нь миний ханийн уран бүтээл холбогддог. Дархан аварга Д.Дамдинаар ахлуулсан анхны “Хүч тамирын гайхамшиг”-ийн бүрэлдэхүүнд Доржнамжил болон Н.Болдбаатар нар байсан. Мөн Норовцэрэн ахлагчтай “Морьтны гайхамшиг”-ийн бүрэлдэх үүнд уран бүтээлээ хийж байгаад 1990-ээд оноос бие даасан юм.
-Харин та анх хэрхэн циркийн урлагт хөл тавьж байв. Ханьтайгаа хамтран үзүүлбэр тоглож байв уу?
- Би 1966 онд О.Цэрэндулам багшийн шавь болж циркт орсон. Миний багш эмэгтэй хүн хүндийг өргөлт хийж болдгийг харуулж байсан хүн. Мөн агаарын гимнастикийн үзүүлбэрт тоглож, нохой сурган тоглуулдаг байв. Ийм мундаг багшид шавь орсноороо бахархдаг. Бид хамтран “Анчин ба шувуу” гэдэг алдарт үзүүлбэрийн гурав дахь бүрэлдэх үүн нь болж тоглож байлаа. Мөн тулах тэнцвэр хийж байсан. Түүнчлэн “Хүч тамирын гайхамшиг”-ийн туслах эмэгтэй жүжигчнээр би ажилладаг байсан. Харин сүүлийн үед үргэлж л хамтдаа байсан. Өвгөн минь морины хүүхэд бэлдвэл би дэргэд нь байж тогооч, хэрэг гарвал найруулагч, багш болно.
-Танай гэр бүлд урлагийн мэргэжилтэй хүн байв уу?
-Би ганцаараа л урлагийн мэргэжилтэй. Найман хүүхэдтэй өнөр бүлд өсөж торнисон. Одоо дөрвөн хүүхэн байна. Анх энэ айлын бэр болохдоо хүндтэй үүрэг хүлээж буйгаа ойлгосон. Циркийн урлагийг үндэслэгчийн хүүтэй гэрлэсэн учраас бидний үүрэг хариуцлага өндөр байсан л даа. Бид хоёр ганц хүүтэй. Циркийн урлагийн хүнд хэцүүг яс махаараа мэдэрсэн учраас хүүгээ циркчин болгохыг хүсээгүй ч аяндаа л энэ урлагт хөл тавьсан. Арга ч үгүй дээ, циркчдийн хүүхдүүд багаасаа л энэ манежид өнждөг болохоор тэр биз. Аавынхаа хийж байсныг үргэлжлүүлж “Морьтны гайхамшиг”-т тоглоод, агаарын гимнастик хийсэн.
-Танай гэрээр дүүрэн морины баримал, зураг өрөөстэй байх юм. Мөн хазаар, ташуур ч байна.
-Найз нөхөд маань баяр ёслолоор бидэнд ийм л бэлэг өгнө шүү дээ. Заримыг нь зорьж очоод авна.
-Энэ нугараач охид хэний шавь бэ?
-Циркийн жүжигчид хүнд нөхцөлд ажилладаг учраас 20 жил ажиллаад тэтгэвэрт гардаг. Бид 1995-1996 онд тэтгэвэрт гарч, 40 гаруйхан настай гэртээ суулаа. Хэцүү юм билээ. Тэгэхэд л эгчийнхээ ач охин Г.Тэмүүлэн, хоёр дүүгийнхээ том охид болох Б.Бэрцэцэг, Б.Сарангэрэл нарыг аваад гэртээ цирк байгуулсан. Тухайн үед хоёр нь таван настай, нэг нь 10 настай байсан юм. Нэг өрөөгөө суллаж, хананаасаа кольц, трапец, олс зүүгээд жил бэлдээд 1996 оны хүүхдийн баяраар хөлөөр шидэгчийн үзүүлбэр тоглуулсан. Ингэж гурван дүүгээ жүжигчин болгоод, их олон үзүүлбэр тоглуулсан. 2000 онд БНАСАУ-д болсон “Хаврын баяр”-т гурван үзүүлбэрээр оролцож мөнгөн медаль хүртсэн.
Дараа нь 2002 онд Монте Карло хотноо болсон болсон идэрчүүдийн тэмцээнд оролцож, тусгай байр эзэлсэн. Циркчин хүн бүрийн мөрөөдөл болсон дэвжээ бол Монте Карло. Тамирчид олимпод хүчээ үздэгтэй ижил. Өөрөө тэр дэвжээг мөрөөдөөд ч оролцож чадаагүй боловч шавь нар маань амжилт гаргахаар түүнээс ч илүү баярладаг юм билээ. Түүнээс гадна миний эгчийн том охин Оюунцацрал зургаан настайдаа Мажигсүрэн багшид шавилж нугараач болоод өдгөө гэр бүлийнхээ хүний хамт Германд амьдарч, уран бүтээлээ хийж байгаа. Гэвч цирк залуу насны урлаг. Миний гурван дүү одоо өөр өөр мэргэжил эзэмшин ажиллаж байгаа. Хүү минь ч гэсэн аавынхаа үндэслэсэн “НБ харцага” хамтлагийн уран бүтээлийг чиглүүлэхийн зэрэгцээ олон улсын харилцааны мэргэжлээр ажиллаж байгаа.
-Л.Ванган, Л.Нацаг гуайн гэр бүлийнхэн хоорондоо холбоо харилцаатай байдаг уу?
-Л.Нацаг, Л.Ванганы хүүхд үүд цуглаж уулздаг. Өнгөрсөн онд Л.Ванган гуайн 90 насны ойг тэмдэглэсэн. Тэдний аав Ламзав нь Улсын бага хурлын гишүүн байсан юм билээ. Хожим нь хэлмэгдэж, цагаадаад Дуурийн театрт жижиг хэрэглэлийн эрхлэгчээр ажиллаж байсан гэдэг. Гарын уртай хүн байсан юм билээ. Ер нь Нацаг аав, манай хүн ч тэр их гарын уртай шүү.
-Таны хүү Б.Алтаншагайн хүүхдүүд циркээр хичээллэдэг үү?
-Яг жүжигчин болохоор сураагүй ч авьяас бий. Гэхдээ цаг хугацаа харуулах биз ээ.
-“Морьтны гайхамшиг” үзүүлбэрийнхэн та бүхнийг хамаатан садан шигээ санаж ойр дотно байдаг гэж дуулсан.
-Тийм ээ, бидний хүүхдүүд шиг л байдаг юм. Хэний ч хүүхэд ялгаа байхгүй шүү дээ. Бидэнд энэ мэргэжлээр эзэмшиж сурсан зүйл байгаа л бол Монголын авьяаслаг хүүхдүүдэд өвлүүлэх хэрэгтэй.
-Хадам аав тань ямар зан араншинтай хүн байв. Нөхөр тань ямар чанараараа аавтайгаа ижил вэ?
-Их л налайсан, тайван хүн байсан. Бодож бодож хааяахан жинтэй үг хэлчихдэг. Би хадам аавтайгаа анх долоон настайдаа уулзаж байлаа. Манай аав Сайншандын зам гүүрийн баазын даргаар ажиллаж, манайх тэнд амьдардаг байв. Циркт ирээд Соёлын ордонд, гадаа, өвөр Сайншанд, ар Сайншандад тогловол хаа явсан газар нь дагаад үздэг байлаа. Нэг удаа ээж намайг айлд ороод 25 төгрөг задлуулаад ир гэж явууллаа.
Тэр гэрт ортол циркийн жүжигчин ах сууж байв. Тэр нь хожим миний хадам аав болсон хүн. Тэгснээ “Мөнгө задлаад өгөөч” гэтэл “Алив” гэснээ хайч бариад “Ингэж бутлах уу” гэдэг юм байна. Би ч үнэхээр мөнгийг минь хайчлах нь гэж айсан. Хүүхэд оролдож, тоглодог хошин зантай хүн байжээ. Харин өвгөн минь шавь нартайгаа илэн далангүй нээлттэй харилцдаг занг нь дуурайсан. Мөн төрөл бүрийн спортоор хичээллэж, шинэлэг зүйл бүрт сэргэгээр хандаж залуусаас хоцрохгүй байхыг эрхэмлэдэг. Тиймдээ морин дээрх сум харвааг анх санаачилсан.
Б.Оюун эгч циркийн 70 жилийн ойг тэмдэглэх комиссын гишүүн. Тэрбээр циркийн ойн баяр Монголын ард түмний баяр байх ёстой. Бидэнд тусалж, энэ урлагийг босгосон Оросын мэргэжилтнүүдийн ч баяр гэх. Оюун эгч, түүний хүүгийн, нөхрийн, хадам аав, дүү нарынх нь амьдралаа зориулсан энэ урлагийн түүхэнд эрээн бараан элдэв зүйл байгаа ч 70 гэсэн тоотой нас нь тэнцүү болсон урлагийнхаа нэрийг өндөрт өргөж, нэг удаа сайхан баярлуулахыг тэрбээр зорьж буй.
Ж.СОЛОНГО