Бага байхдаа цирк үзэх тун дуртай байсан учраас энэ урлагийг би хайрладаг. Гэсэн ч дутагдлынх нь хажуугаар дуугүй өнгөрч болмооргүй санагдаад үзэгчийн хувиар нэгэн санал дэвшүүлэх гэсэн юм. Цирк амь өрссөн, сэтгэл хөдөлг өсөн гайхамшигтай урлаг ч цаг үе, үзэгчдийнхээ сонирхлыг даган хэв маягаа өөрчилж байх хэрэгтэй.
Цирк бол тэр чигээрээ шоу. Гэтэл манай циркчид үүнийг хийж, найруулан тоглож чадахгүй байгаа учраас хамтлаг, дуучид тоглолтынхоо сурталчилгаанд циркийн үзүүлбэр оруулж буйгаа зарлаж, та бүхний аяганаас “будаа идээд” байна шүү дээ. Дуучин Т.Ариунаа, “Sweetymotion” хамтлагийнхан тоглолтынхоо хөтөлбөрт циркийн үзүүлбэр багтааснаараа ямар өндөр үнэлгээ авсныг санаж байна уу.
Монголын цирк 70 жилийн түүхтэй бол дэлхийн хамгийн алдартай “Нарны цирк” хэдэн настайг сонирхъё. Ердөө л 17. Дэлхийгээр аялан тоглодог 20 гаруй хөтөлбөртэй энэ циркийн амжилтын нууц бол цогц зохиомжтой тоглолт, орчин үеийн өвөрмөц шийдэл. Хөгжмийн сонголт, гэрэлтүүлэг, жүжигчдийн хувцаслалт, нүүр будалт гээд бүх зүйлд тэд анхаарал хандуулж чаджээ. Энэ бол жинхэнэ шоу. Тиймдээ ч циркийн урлагийн тухай гадарладаг хүн бүр л “Нарны цирк”-ийн тоглолтыг үзчих нууцхан хүсэлтэй байдаг байх.

Циркийн урлагийн дээд амжилт...
Сүүлийн үед үзсэн циркийн тоглолтууд нэгэн хэвийн, уйтгартай байсан ч энэ зэргийн юм хийж байгаад нь талархаж байв. Зориулалтын байргүйн зэрэгцээ тоглох жүжигчинг үй болчихвол бүр харамсалтай. Иймэрх үү тоглолтын үеэр хөтлөгч үзэгчдийн анхаарлыг ганц өгүүлбэрээр татахыг хичээдэг. Тэр нь “Анхаараарай, анхаараарай циркийн урлагийн
дээд амжилт...”. Монголчууд циркийн урлагийн дээд амжилт үзүүлж чадаж байгаа бол үүнийгээ хүнд хүргэхийн тулд сонирхолтой хэлбэрийг нь сонгоё л доо. Хөгжим, гэрэл, жүжигчдийн харц, тоглолт зэргээр үүнийг илэрхийлж болмоор юм. Бас нэг хөгтэй зүйл бий. Нэг аятайхан хэмнэлтэй хөгжим олоод сонсчихвол бүгд л тэр аялгуунд тоглолтоо үзүүлэхийг хүснэ. Тулах тэнцвэрийн үзүүлбэр тоглодог байсан хөгжмийн аянд шидэх банзнаас үсрэгчид дүүлж байсныг нь санаж байна.
Гаднын улс оронд аялан тоглож нүд тайлсан улс гэвэл циркчдийг л нэрлэх байх. Дэлхийн хэмжээний шоу хийгээч гэж тулгахгүй ч, байж болох хэмжээндээ өөрчлөлт хийж, орчин үеийн залуусын анхаарлыг өөрсдөдөө татахыг та нараас хүсэж байна.
Дунд сургуулийн сурагчдад тасалбараа борлуулж, хүчээр суудал дүүргэдэг үе өнгөрсөн. Тэр ч бүү хэл “Урлаг нь үзэгчдээ дагуулж явах учиртай” гэж урлагийнхан ярьдаг. Тэгвэл та бүгдийн хийж байгаа үзүүлбэр дэлхийн дээд амжилт тогтоосон гайхалтай ч гэсэн үзүүлж байгаа хэлбэр тань нэгэн зууны ард хоцорчихсон юм шиг ээ.
Тэд эхлэлийг нь тавив
Өнгөрсөн бямба гаригт ХААН театрт Монгол циркийн нэвтэрхий толины нээлт, циркийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, акробат, уран нугаралтын “Angels” төвийн таван жилийн ойн тоглолт болсон юм. Түүх өгүүлсэн гэрэл зургийг сонирхож, нэвтэрхий толийг “өлгийдөн” авахаар ирсэн зочид нь циркийнхэн байлаа.
Төрийн шагналт, уран нугараач Б.Норовсамбуу, гавьяат жүжигчин Д.Ягаанцэцэг, Д.Амгалан, Ж.Жанчивдорж тэргүүтэй уран бүтээлчид тус театрын танхимд тухлаад залуу найруулагч Б.Оргилболдын “Angels” тоглолтыг үзлээ. Түүний найруулсан гурав дахь хөтөлбөр нь энэ. Францын олон улсын циркийн дээд сургуулийг 2006 онд найруулагч мэргэжлээр дүүргэсэн Б.Оргилболд “Angels” төвийн захирал Ё.Батболд, гавьяат жүжигчин уран нугараач Л.Энхцэцэг нарын хүү билээ.
Тайзнаа хуур барьсан буриад хүү хөөмийлж сууна. Тэрбээр ээжийн тухай нэгэн дууг аялгуулан хөөмийлж, дэргэд нь байгаа жаал төмөр хуураар тоглох аж. Монголын үндэсний хөгжмийн зэмсгийн хөг аялгууг гайхуулан эхэлсэн тоглолтын хөтөлбөрт уран нугаралт, тэнцвэр, акробат, жонглёрын үзүүлбэр багтжээ. Гэхдээ энэ тоглолтын үеэр хэн нэгэн жүжигчин зарлуулж, аппарат хэрэгслээ зөөлгөж, үзэгчдийг чилээн тайзнаа гарч ирсэнгүй. Уран нугараачид монгол бүжиг хийж, хийл хөгжим барин жүжиглэж байв. “Angels” төвийн энэ удаагийн тоглолт бүжиг, циркийг хослуулснаараа онцлогтой.
Бүжгийг нь соёлын тэргүүний ажилтан Т.Төгсөө дэглэж, ҮДБЭЧ-ын бүжигчин М.Бямбаа гоцолсон юм. Тоглолтын эхний хэсэгт жүжигчид өдөр тутам хийдэг энгийн дасгалуудаа хөгжийн хэмнэлд тохируулан бүжиг болгон сонирхуулав. Дараа нь дөрвөн хос цэнгээнт бүжиг хийж байхад жүжигчин Ч.Нямсайхан тэнцвэрийн үзүүлбэр үзүүлсэн. 14 хүний бүрэлдэхүүнтэй тоглолт 45 минут үргэлжилсэн ч тайзнаас хараагаа салгах чөлөөг хэнд ч өгсөнг үй. Нэг жүжигчин хамгийн багадаа 4-5 удаа хувцасаа сольсон боловч ямар шуурхай байсан гээч. Бүжиг дэглээч Т.Төгсөө ч энэ тоглолтын үеэр акробатын үзүүлбэрт оролцон тоглож, холболт хийв.
Мэргэжлийн циркийн жүжигчний нүдээр харвал энэ тоглолтод онцгой содон, гайхалтай зүйл үгүй байж болох ч жонглёрын энгийн трук, алиалал болон бүжигтэй хослуулсан акробатын үзүүлбэр, хурдан хэмнэлтэй уран нугаралт үзэгчид буюу ахмад дунд үеийн циркчдийг гараа хорстол алга ташихад хүргэсэн юм. Үндэсний хэв маягтай орчин үеийн циркийн тоглолт энэ зуны турш Туркийн Анталиа хотын таван одтой зочид буудалд тоглоно гэсэн. Тэдний үзүүлсэн тоглолт манежид биш тайзан дээр үргэлжилснээрээ онцлог. Сэтгэлгээндээ бага ч гэсэн өөрчлөлт хийж чадвал өөрийнхөө авьяасыг “чулуу” болгож болдгийн жишээ энэ.
Тоглолтын дараа Монголын циркчдийн холбооныхон болон 70 жилийн ойн баярыг тэмдэглэх комиссын гишүүд тус хөтөлбөрийг найруулсан Б.Оргилболдод соёлын тэргүүний ажилтан тэмдэг, үнэмлэх гардуулсан юм. Хүсэл тэмүүлэл байвал болохгүй, бүтэхгүй зүйл байдаггүй жишээ энэ.
Энэ бол орчин үеийн үзэгчдийн зориулсан орчин үеийн циркийн тоглолтын эхлэл байлаа. Тэгэхээр цирк, шоу гэж тусгаарлан ойлголгүй циркийн шоу бүтээж энэ урлагийг үзэхээр ангаж, цангаж яваа үзэгчдийг өөрсдийн болгохын төлөө хичээгээрэй, жүжигчид ээ.
С.Сэргэлэн