“Хүрээний хөөрхөн Дэнсээ юу”, “Нүд хөмсгийг чинь харъя л даа” зэрэг дууг сэтгэлд хоногштол дуулж, дуурийн олон сайхан дүр бүтээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Үнэнхүүг “Бямбын ярилцлага”-ынхаа хойморт урилаа. Арван хэдэн жил ажилласан ДБЭТ-аасаа гарснаасаа хойш нам жим амьдарч буй тэрбээр Хөгжим бүжгийн коллежийн Дуулаачийн тэнхимд багшилж байна.
-Бага нас, аав ээжийн тань талаар ярилцлагаа эхлэх үү?
-Аав минь насаараа Цэргийн чуулгад дуулсан, одоо тэтгэвэртээ сууж байгаа. Ээж минь барилгын мэргэжилтэй. Би айлын том, Манбадацан хийдийн арын гэр хороололд өвөө, эмээ дээрээ өссөн. Өвөө маань тээврийн жолооч, би өвөө шигээ жолооч болно гэж боддог байсан. Наймдугаар анги төгсөхдөө улаан шугамны ард орж, Барилгын ТМС-ийг сантехникч слесарь мэргэжлээр төгссөн. Сантехникч сайхан мэргэжил шүү дээ.
-Жаахан тааруухан сурлагатай хүүхэд байж ээ дээ?
-Бага ангидаа гайгүй байсан юм аа. Дунд ангид ороод том толгой гаргасан уу, сурлага муудсан. Барилгын ТМС-д ороод хатуу гараар хүмүүжиж, эргээд сайжирсан даа.
-Сантехникч мэргэжлээрээ ажилласан уу?
-СОТ-2 гэж барилгын том трест байлаа шүү дээ. Манай сургууль энэ байгууллагад төгс өгчдөө ажиллуулдаг байсан. Тэнд дадлага хийж байхдаа I, XIII хороолол, Сансарын тунелийн зүүн талын угсармал есөн давхар байруудын сантехникийг хийлцэж явлаа. Одоо тэр байруудыг хараад, гар бие оролцож явсан гэж бодоход сайхан байдаг.
-Жолооч болно гэж мөрөөдөж байсан хүн яагаад сантехникч болчихов?
-Наймдугаар анги төгсөхөд жолоочийн мэргэжлийн сургуулийн хуваарь ирдэггүй байсан юм. Өвөө минь “Техник сонирхдог хүн ядаж түлхүүр зөв барьж сур” гээд сантехникийн ангид оруулсан.
-Урлагт орсон түүхийг тань сонирхолтой санагдаад байна л даа?
-ТМС төгссөн жил аав намайг УБДС-ийн найрал дууны ангид шалгалт өг гэлээ. Би үгүй гэж зөрөөд л байсан. Хувь тавилан дуудсан юм уу нэг өдөр шалгалт өгмөөр санагдаад Г.Хайдав багштай уулзлаа. Тэр үед ТМС төгссөн хүн заавал улсад ажилласан байх ёстой гэсэн захирамж үйлчилдэг байсан учраас дараа жил шалгалт өгөхөөс өөр аргагүй болсон. Хойтон жил нь буюу 1990 онд СУИС байгуулагдаж, анхных нь оюутнуудын нэг болсон. “Ардын элч” киноны Ариунаагийн дүрээр мөнхөрсөн Монгол Улсын гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн багш намайг шалгалтад бэлдсэн. СУИС-д ороод ардын жүжигчин Д.Жаргалсайхан багшийн шавь болж, хоёр жил хичээллэв. Үлдсэн гурван жилд нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав багшийн удирдлаган дор суралцаж төгссөн. Ингээд л жолооч болох минь өнгөрсөн дөө.
-Дуучин болно гэж бодоог үй байж. Гэхдээ дуулдаг байсан биз дээ?
-Сургуулийнхаа урлагийн дугуйланд явдаг, урлаг уран сайхны тоглолтод ордог, хошин өгүүллэг уншдаг байлаа.
-Гэр бүлийнхээ тухай яриач?
-Манай гэргий Соёлын коллежийг баян хуурч мэргэжлээр төгссөн. Дараа нь СУИС-ийн урлагийн менежер, менежментийн анги төгссөн. Одоо 48 дугаар дунд сургуульд хөгжмийн багшаар ажилладаг. Манайх охин, хүү хоёртой. Охин маань Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын наймдугаар ангид Ч.Тунгалаг багшийн удирдлага дор сурдаг. Хүү минь удахгүй гурван ой хүрнэ. Цэцэрлэгийн бага ангийн “цэрэг”.
-Эхнэртэйгээ хоёул сурган хүмүүжүүлэх үйлст зүтгэдэг юм байна шүү дээ?
-Тийм л болж таарч байна. Урлагийн салбарын хүн боловсролын салбарт ажиллахад бүгдийг эхнээс нь эхэлж, сурах шаардлага гарсан. Багшийн ажил их сонирхолтой, гэгээлэг, нөгөө талаасаа их нервь шаардах юм. Дүрд яаж хувирах вэ гэж бодож явсан хүн өөр хүнд ингэ тэг гэж заахад илүү ажиллагаа шаарддаг юм байна.
-Уран бүтээлээ орхиж, сурган хүмүүжүүлэх үйлст шамдахад таны нас арай эртдэх биш үү?
-Хөгжим бүжгийн коллежийн Дуулаачийн тэнхимийн эрхлэгч Х.Уртнасан багш багшлах санал тавьсан. “Би өөрөө сурч дуусааг үй байж хүнд юу заах вэ” гэтэл “Итали хүртэл явж мэргэжил дээшлүүлчихээд багшлахгүй яах гэсэн хүн бэ” гэсэн. Жагаа багш ч “Бидний гайгүй байгаа дээр багшлах дөр олж авсан нь дээр шүү, нөхөр минь” гэснээр шийдвэр гаргасан. Бүх зүйлээ шинээр эхэл гээд бэлтгэл курсын зургаан хүүхэд өгдөг юм байна. Багшийн ажилдаа дасахгүй хагас жил болсон. Хичээл заахаар мартсан зүйл эргээд сэргэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, би хүүхдүүдтэйгээ хамт суралцаж байна. Одоо л овоо цэгцэрч байх шиг. Багш хүн шавьдаа өөрийн биеэр үлгэр дууриал үзүүлэх ёстой. Хариуцлага өндөрсөж байна. Урлагийнхны алхах гишгэх бүр хүний нүдэнд ил байдаг болохоор өөрийгөө хянаж байх ёстой. Нуух юу байх вэ, би тодорхой хугацаанд “асуудалтай” байсан. Өөрийгөө татаж авсан.
-Урлагийнхныг хүмүүс хүндэлж, хайрладаг шүү дээ?
-Маш их хайрладаг хэрнээ муулах болохоороо хайрладаггүй. Сонин хэвлэлээр бичнэ, хоорондоо шуугина. Олонд танигдснаараа хүмүүсийн анхаарлын төвд байдаг болохоос биш адилхан л хүн шүү дээ.
-Та амьдралдаа хэр хангалуун байдаг вэ?
-Хангалуун явдаг. Би унах унаа, нэг өрөө байр, зуслантай. Дундаж амьдралтай хүнд юу хэрэгтэй вэ, тэр бүгд байна. Үүнээс гадна надад урлагийн ертөнцөд хөл тавьсан охин, халамжтай сайн хань, голомт залгах хүү, ойлгож дэмждэг хамт олон, халуун дулаан уур амьсгалтай ажил, хамгийн гол нь намайг хазайсан талаас минь түшдэг олон хүн байна. Энэ бүхэн надад хангалттай. Надад хадгаламжийн дэвтэр байхгүй. Их мөнгө байлаа ч би хадгалж хамгаалж, өсгөж үржүүлж чадахгүй. Мөнгөнд үрэлгэнээсээ болж эхнэртээ байнга шүүмжлүүлдэг хүн шүү дээ, би.
-Бизнес хийх талаар боддог уу. Олны танил хүн бизнес эрхлэхэд давуу тал байдаг шиг санагддаг?
-Надад бизнес хийх авьяас, гүйлгээ ухаан байхгүй. Мөнгөнд үрэлгэн хүн яаж бизнес эрхлэх вэ дээ.
-Мөнгөө юунд үрдэг юм бэ?
-Би дэлгүүр хэсэх дуртай. Юм худалдаж авах ч бай, үгүй ч бай юм сонирхоод явахад тархи амардаг. Гудамжинд явахдаа байшин барилга, хөшөө харж зогсох дуртай. Хааяа охиноо дагуулж музей үздэг.
-Уран бүтээлийн сонин сайхан юу байна вэ. Шинэ уран бүтээл хийж байна уу?
-Ирэх сард уран бүтээлийн тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа орсон. 2008 онд нийтийн дууны тоглолт хийснээс хойш үзэгч, сонсогчидтой уран бүтээлээр уулзсангүй. Энэ жил хэд хэдэн шинэ дуу дуулсан. Удахгүй заримынх нь клип бэлэн болно.
-Ямар тоглолт хийх вэ. Сонгодог уран бүтээл дуулах уу?
-Нийтийн дууны тоглолт хийнэ. ДБЭТ-аас гарснаасаа хойш шинээр сонгодог уран бүтээл хийгээгүй. Энэ удаагийн тоглолтдоо дуулж байсан аринуудаасаа оруулах бодолтой.
-Та ДБЭТ-аас яагаад гарсан юм бэ. Тухайн үед таныг театраасаа хөөгдлөө гэж ярьж байсан?
-Янз янзын асуудал байсан л даа. Ажлын хариуцлагаас болж арга хэмжээнд орж байсан тал бий. Хөгжим бүжгийн коллежид цагийн багшаар ажиллаж байгаад үндсэн багш болсон. Тэгээд л театртаа ажиллахаа больсон. Харин өнөөдрийг хүртэл Дуурийн театраас халсан тушаал гараагүй.
-ДБЭТ-аас нэлээд хэдэн хүн халагдсаны нэг нь та. Удирдлагатайгаа зөрчилдсөн юм уу?
-Тэр үед бидний дээд үеийнхэн бараг бүгдээрээ тэтгэвэрт гарсан. Тэгж байтал зарим залуу дуучин ажлаасаа гарсан нь нэлээд хэл ам дагуулсан. Миний хувьд тийм хурцадмал асуудалд холбогдоогүй, тэгээд ч байгууллагын дотоод хэрэг шүү дээ. Би одоо ч театртаа байнга очдог. Хамт олон дундаа ажиллаж байсан үеийнх шигээ дотно сайхан харилцаатай байдаг. ДБЭТ-т ажиллахгүй байгаагаас биш дуурийн урлагаас холдоогүй.
-ДБЭТ-т хэдэн жил ажилласан бэ. Хүссэн бүхэн ороод байдаггүй өндөр босготой театрт ажиллах хугацаандаа юу хийж бүтээв?
-СУИС-ийг төгсөөд 1995 онд театртаа орж, 2009 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд том, жижиг нийлсэн 25 орчим дүр бүтээжээ. Би бүтээсэн дүр бүхэндээ хайртай. Анх “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүрд дуулж байлаа. Ардын жүжигчин, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Дамдинс үрэнгийн нэрэмжит “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн улсын II уралдаанд оюутан байхдаа орж, хоёрдугаар байрт шалгарсан юм. Сургуулиа төгсөж, ДБЭТ-т ороод удаагүй байтал “Учиртай гурван толгой” дуурийг шинэчилж тавьсан. Тэгэхэд шинэчилсэн бүрэлдэхүүнд орж, Балганд сайн дуулсан гэж магтуулж байлаа. Үндэсний бахархал, домог болсон сайхан дуурийн том дүрд дуулж ажлын гараагаа эхэлсэндээ билгэшээдэг. Үүнээс хойш нэлээд хэдэн сонгодог дуурьт дуулснаас “Севилийн үсчин” дуурийн Бартолог надад таарах дүр гэж сонгодог урлаг мэддэг хүмүүс хэлж байсан. Гэхдээ би Бартолод гүйцэд дуулж чадаагүй гэж боддог.
-Дуурийн дуучин нийтийн дуу дуулахад хоолойн форм алдагдана гэдэг шүү дээ?
-Би оюутан байхаасаа нийтийн дуу дуулсан. Нийтийн дуу дуулаад форм алдагдах эсэх нь дуучны хувийн зохион байгуулалттай холбоотой. Нийтийн дуу дуулаад туйлширвал дуурьт дуулах хэмжээний форм байхгүй болно. Дуурь дуулдаг хоолойгоор нийтийн дуу дуулбал сонсогчид хүлээж авахгүй. Аль алийг нь зохицуулах хэрэгтэй. Нийтийн дуу гэхээр л заавал сул дуулдаг юм биш. Хоолой шаардсан, мэргэжлийн төвшний дуу олон бий шүү дээ.
-Нийтийн дуугаар мөнгө олж болдог болохоор хоолойгоо золиослон нийтийн дуу дуулдаг гэдэг?
-Нийтийн дуу дуулахгүй, зөвхөн дуурь дуулдаг дуучин цөөхөн шүү дээ. Дэлхийн од Луччиано Паваротти гэхэд “Сориентод эргэж ирээч”, “Миний наран” гэхчилэн олон итали дуу дуулсан. Үүнийг нь манайхан дуурийн дуу гэж ойлгодог. Зах зээлийн нийгэмд амьдарч байгаа хүн тодорхой хэмжээгээр уран бүтээлээ худалдах боломжтой байх ёстой. Бидний цалин бага, төрийн албан хаагчийн цалингаар амьдарна гэдэг хэцүү. Би нэг газар очиж дуулаад, хэрэгцээний мөнгөө олж яагаад болдоггүй юм бэ. Үүнийг нэг их буруу хэрэг хийж байгаа мэт ярих юм.
-Та ер нь дуурь дуулах уу?
-Дуулалгүй яах вэ. Оюутнуудад мэргэжлийн хичээл заадаг учраас би байнга формтой байгаа. Би аргил хоолойтой. Үүнийгээ баритони болгож шингэрүүлэхгүй байх нь миний дэглэм, хувийн зохион байгуулалтаас шалтгаална.
-Уран бүтээлч хүнд бүтээхсэн гэж мөрөөддөг дүр байдаг шүү дээ. Таны хувьд?
-Би оюутан байхдаа “Евгений Онегин” дуурийн Греминий дүрд дуулахыг мөр өөддөг байсан. ДБЭТ-д байхдаа мөрөөдлөө биелүүлсэн. Аливаа дүрд дуулахад нас чухал гэдгийг Греминд дуулахдаа мэдэрсэн. Хорин хэдтэй залуу тэр том генералын дүрд дуулаад олигтой болоогүй. Греминий арийг дуулахад одоо л миний нас жагсаж байна. Италид сурч байхдаа Ж.Вердийн “Атилла” дуурийг их сонсдог байлаа. Энэ дуурьт тоглохсон гэж боддог.
-Таныг хүмүүст таниулсан “Хүрээний хөөрхөн Дэнсээ юу” дууны онигоо байдаг. Тэр онигоо яаж гарсан талаар сонирхуулаач?
-“Зохиолын дууны найр” гэж мундаг том уралдаан болдог байлаа. 1993 онд би тэр уралдааны нэгдүгээр байрт орсон юм. “Зохиолын дууны найр”- ын шагналтнуудын тоглолтод Г.Равдан ах хөтлөгч хийж, “Хайчинх үүгийн Үнэнх үү дуулна. Удирдаач Туулайх үү” гэж их жоготой зарласан юм. Тэгэхэд үзэгчид нэрхийтэл инээлдэж, би ичээд гарч чадахгүй хэсэг зогссон.
Тэр явдал хөгжмийн зохиолчдын дунд яригдсаар, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг асан бүр өргөжүүлж “Пүрэвхүүгийн хөгжим, Баасанхүүгийн шүлэг, Хүрээний хөөрхөн Дэнсээ хүү. Хайчинхүүгийн Үнэнхүү дуулна. Удирдаач Туулайхүү. Мэргэжлийн багш Галхүү” гээд нэмчихсэн юм билээ. Уг нь шүлгийг бичсэн хүн нь Д.Баасанжав, дууны нэр “Хүрээний хөөрхөн Дэнсээ юу” шүү дээ.
Х.Уянга