Хүн бүр амьдралаараа түүх бүтээдэг. Харин түүний амьдрал Монголын хөгжмийн ертөнцийн нэгэн үеийн түүхийг төлөөлнө. XX, XXI зууныг дамнан, дуунаас дуурь хүртэл туурвисан Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Аав, ээж хоёр минь” тоглолт уржигдар Дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо. Тоглолтоо мэргэжлийн дуучдын чансааг шалгадаг “том” дуугаар нэрлэсэн нь учиртай. Угаас түүнээс ундарсан аялгууг хэн хүнгүй барьж аваад дуулаад байдаггүй юм билээ. Тоглолтод мэргэжлийн дуучдад зориулсан бүтээлийг багтаалаа хэмээн онцолж байсан ч бүх дуугаа оруулна гэвэл энэ үдэшт зориулсан 120 минут хангалтгүй байж таарна.
Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн оюутан ахуй цагтаа зохиосон “Очоод золгоно доо”-гоос эхлээд хоёр өдрийн өмнө хөгжмийн найруулгыг нь хийж, ДБЭТ-ын гоцлол дуучин Ц.Баттөрөөр дуулуулсан “Хэнтийн цэнхэр хязгаар” хүртэлх 20 гаруй бүтээл “Аав, ээж хоёр минь” тоглолтод дээжлэгджээ. Б.Шарав гуай шиг том хөгжмийн зохиолчид жил бүр тоглолт хийгээд байдаггүй.
Харин тэрбээр энэ жишгийг гурван жилийн өмнөөс эвдэж, хавартаа нэг удаа тоглолтоор “өндөглөөд” байгаа юм. Уржнан “Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг”, “Нарны бүжиг” зэрэг дан хөгжмийн жижиг хэлбэрийн бүтээлээ үзэгчдэд өргөн барьсан бол өнгөрсөн жил морин хуур, найрал хөгжимд зориулсан том хэлбэрийн бүтээлүүдээ толилуулсан. Түүний цуврал тоглолт мэргэжлийн дууны уран бүтээлээр жаргахгүй.
“Ирэх жил эстрадын дуу, тэрний дараа жил симфони, дуурь гэх мэтээр тасралтгүй 10 жил тоглох бүтээл надад бий” хэмээн хөгжмийн зохиолч “бардамнасан”. Уг нь Б.Шарав гуайд бардам гэдэг тодорхойлолт огт зохихгүй. Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүүг индрийн өмнө дохиуртай нь бүжиглүүлж, дуучдын гүрээний судсыг нь тодруулах шахам дуулуулсан мэргэжлийн дуунуудаа сонсож дуусаад тайзнаа гарахаар голын суудлаас босон алхахдаа тэрбээр шал цөмөлчих вий гэсэн шиг намс намс алхан явахыг нь харахад дэндүү эгэл хүн гэдгийг нь эрхгүй ойлгоно.
“Аав, ээж хоёр минь” тоглолт “Ард түмнээсээ төрсөн хайр” дуугаар эхэлсэн. Тоглолт яг цагтаа эхэлсэн учраас хоцорч ирсэн үзэгчид эхний хоёр дууны үеэр үймүүлэн суудлаа эрж сандарцгаав. Харин Б.Шарав гуай зүүн гараараа суудлынхаа бариулаас атгаж, нөгөө гараараа шанаагаа тулан тайзнаас нүд салгалгүй ширтэж суусан. Тоглолт дундаа орсноос хойш тэрбээр нэлээд тайвширсан харагдлаа. Хажуудаа суусан “Төгөлдөр” сангийн тэргүүн, Ерөнхий сайдын гэргий Х.Отгонтуяатай яриа өрнүүлж, хааяахан хацраа ягааруулан инээмсэглэж харагдав. Түүний суусан эгнээнд хүндтэй зочид заларсан байлаа.
Тэдний дунд Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, урлагийн гавьяат зүтгэлэн Б.Бямбабаяр, ардын уран зохиолч Т.Галсан, УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар байсан юм.
Тоглолтын тасалбар 20.000, 30.000 төгрөгийн үнэтэй байсан ч танхим дүүрэн зочид цуглав. “Монголын тал нутаг”, “Үзсэн юм”, “Их хар сүлдний дуулал”, “Хайрхан уулын бараа”, “Цэнхэрийн голоор нутагтай” зэрэг зүрхнээс зүрхэнд шингэх дотно эгшиглэнг амилуулсан уран бүтээлчид нь бүгдээрээ монголчуудын хайртай дуучид байв.
Ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Б.Эрдэнэбат, Ц.Түв - шин төгс, Х.Үнэнхүү, У.Далантай, соёлын тэргүүний ажилтан Ө.Уянга, Ш.Наранчимэг, Ч.Түмэндэмбэрэл, Э.Амартүвшин нарыг нэгтгэсэн ийм том тоглолт ойрд болоогүй санагдана. ДБЭТ-ын урдаа барьдаг сопрано, тенор, баритон, басс хоолойтой дуучид ч тэдний дунд байсан. Дуучин бүр нэгээс хоёр дуу дуулсан.
Үзэгчид дахиулах гэж алга ташсан ч шахуу хөтөлбөртэй тоглолтыг өөрчлөх бүх “найраа” хүчгүйдсэн. Өнөөгийн зарим дуучин 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглолт хийлээ хэмээн цээжээ дэлдэн онгирдог бол Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн тоглолтод ДБЭТ-ын симфони найрал хөгжим, найрал дуучид, ЦДБЭЧын эстрад симфони найрал хөгжим, найрал дуучид болон гоцлоочид оролцсон. Тэгээд бүгд мэргэжлийн уран бүтээлч байсан учраас чансаа нь ямар байх нь ойлгомжтой. Б.Шарав гуайн “Нарны бүжиг”-ийг сонсо - хоор сэтгэл сэргэж, “Сэтгэлийн эгшиг”-ийг сонсохоор тайвшралыг олдог.
Харин энэ удаагийн тоглолтод ихэвчлэн эх орон, төрсөн нутаг, аав, ээжийн тухай дуунууд багтсан. Хоёр жилийн өмнө түүнтэй уулзахад “Монгол хэмээх улс агуу баялаг түүхтэй. Тиймээс түүхээ судалж уран бүтээлдээ тусгахыг зорьдог” гэж байсан нь санаанд орлоо.
Түүний хөгжмийн уран бүтээл булаг шиг оргилдоггүй, гол шиг үерлэдэг юм шиг ээ. Тоглолтын бичлэгтэй DVD, дуу, симфони, дуурийн уран бүтээлийн эмхтгэлүүд гээд түүний хийсэн бүтээсэн арвин. Энэ үдэш ч тэрбээр хоёр ном, нэг цомгийнхоо нээлтийг хийсэн юм. Ягаан байшинг жилдээ нэг удаа дотно эгшиглэнгээрээ аргадаж байгаа энэ цаг үеийн Монголын сор болсон хөгжмийн зохиолчийн уран бүтээлийн ундарга арвин байх болтугай.
О.Ундармаа