Эртний эдлэл цуглуулагч Х.Алтангэрэлийг “Хообий” буландаа урилаа. Түүний цуглуулгад 3000-4000 жилийн настай хүрэл зэвсгийн үеийн олдвороос эхлээд XVII-XVIII зууны үеийн ховор нандин бүтээлүүд байдаг юм билээ. Тэрбээр “Арт хаус” төвийн үзэсгэлэнгийн танхимд ховор, үнэтэй үзмэрүүдээ дэлгэсэн юм.
-Та ямар мэргэжилтэй хүн бэ. Хэзээнээс эртний эдлэл цуглуулж эхлэв?
-Би инженер мэргэжилтэй. 1989 онд их сургуулиа төгсөөд Монголын эртний урлагийн бүтээл цуглуулах, бусдад таниулж сурталчлах ажлаа эхэлсэн. Эртний эдлэл цуглуулж, судлах нь миний хообийгоос давж ажил, мэргэжил болсон доо.
-Таны цуглуулгад хэчнээн бүтээл байгаа вэ?
-Би өдөр тутмын хэрэглээний эдлэл сонирхдоггүй. Нарийн ур хийцтэй, өндөр зэрэглэлийн оюуны бүтээл цуглуулдаг. Миний цуглуулгад 200-300 бүтээл байгаа.
-Хамгийн эртнийх нь хэдий үеийн бүтээл байна вэ?
-Хүннү, хүрэл зэвсгийн үеийн эд зүйл байгаа. 3000-4000 жилийн өмнөх эд зүйл гэсэн үг шүү дээ.
-Эдгээр бүтээлийг урласан урчуудыг мэдэх боломжг үй юу?
-Харамсалтай нь мэдэх боломжгүй. Хэн хийснийг бүү хэл, хэзээ хийснийг нь нарийн мэдэхгүй шүү дээ.
-Эднийг хаанаас олж авдаг вэ. Ховор биз дээ?
-Монголчуудад гар дээрээ хадгалдаг зүйл их байдаг. Америк, Ази, Европ гээд хаанаас л бол хаанаас олж болно. Хүмүүс үнэтэй юмыг авч хадгалаад хэрэгтэй үед нь зах зээлд гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Гаднын хүн бидний юмыг аваачаад устгачихдаггүй юм шүү дээ.
-Гадагшаа гарсан эд зүйлийг буцааж авчирдаг гэсэн үг үү?
-Тийм. Нэг үеэ бодвол монголчууд мөнгөтэй болсон. Гадагшаа гарсан урлагийн бүтээлүүдээ буцааж авчиръя гэсэн сэтгэлтэй хүн олон болж байгаа шүү дээ.
-Ийм бүтээлүүд үнэтэй байдаг уу?
-Аливаа бүтээлийн үнэтэй байх эсэх нь тухайн зах зээл, хүмүүсийн ойлгосон хүрээ, олдцоос шалтгаалдаг. Хэр олон хүн ойлгож, цуглуулж байна, түүгээрээ үнэ нь өсдөг. Хүн сонирхож судлахгүй, ойлгож сурталчлахгүй бол үнэгүй л байдаг шүү дээ. Монголчуудын оюуны бүтээл нэг үеийг бодвол үнэтэй болсон. Монголын урлагийн бүтээлийг сонирхдог хүн олон байна. Монголчууд оюуныхаа бүтээлийг үнэтэй болгохын тулд дэлхийн хүн төрөлхтөнд хүргэж, судлуулж, сурталчлуулах хэрэгтэй. Тэгж байж үнэ цэнэ нь өснө.
-Та цуглуулсан бүтээлээ гадагш нь гаргаж зардаг уу?
-Гадагшаа гаргахгүйгээр бид урлагийн бүтээлээ үнэтэй болгож чадахгүй. Монгол хүний хийсэн урлагийн бүтээл бол дэлхийн соёлын өв санд оруулсан монголчуудын хувь нэмэр. Өвөг дээдсийн маань бүтээсэн урлагийн бүтээлүүд ганц бидний бус хүн төрөлхтний өмч. Эднийг юм мэддэг хүмүүст хүргэж байж үнэ цэнэ нь өснө. Монгол хүн эдийн засгийн боломжтой, оюуны өндөр боловсролтой болсон цагтаа Монголынхоо юмыг дэлхийн хаанаас ч худалдаад авч болно.
Одоогийнх шигээ ойлгохгүй байсаар байвал энэ сайхан бүтээлүүд үнэ цэнэгүй хэвээр үлдэж, устаж үгүй болно. Үнэтэйг нь мэдэхгүйгээсээ болоод олон сайхан зүйлээ бид үгүй хийсэн. Ингэж устгаж, үгүй болгохын оронд ойлгодог хүмүүст хадгалуулах хэрэгтэй. Үнэтэй авсан зүйлээ хүн хайрлаж хамгаалдаг шүү дээ.
Х.УЯНГА