“Амьдрал бол дугуй унахтай л адил. Тэнцвэрээ алдахгүйн тулд дугуйгаа жийсээр байх хэрэгтэй” гэж Альберт Эйнштейн хэлсэн. А.Алтансүхийн хувьд ч дугуй унах нь амьдрал гэсэн. Монголын дугуйн спортын холбооны гишүүн, спортын мастер тэрбээр БХИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан. Өнгөрсөн жил болсон “Tour of Vietnam”-д оролцож багаараа алтан медаль хүртсэн А.Алтансүх ирэх есдүгээр сард Бельгид болох ДАШТ-д оролцох эрх авсан Монголын хоёр тамирчны нэг юм.
-Хүүхдүүдийн хувьд унадаг дугуй бол тоглоом. Зарим хүн үүнийг тээврийн хэрэгсэл гэж үздэг. Тэгвэл чиний хувьд дугуй юуг илэрхийлдэг вэ?
-Миний өвөө Ш.Очирбат мэргэжлийн тамирчин, Хөвсгөл аймгийн “Хангарьд” дугуйн спортын клубийн дасгалжуулагч. Би өвөөгөө дагаж дугуйн спортод анх хөл тавьсан. Багадаа хообий маягаар дугуй сонирхдог байсан бол 2006 оноос мэргэжлийн клубт хичээллэж эхэлсэн. Одоо цаашдын амьдралаа дугуйгүйгээр төсөөж чаддаггүй.
-Монголын зам бартаатай учраас бэлтгэл хийхэд хэцүү байдаг уу?
-Тийм шүү. Ялангуяа зуны улиралд зам засах ажил ид өрнөдөг болохоор бидний хувьд их хэцүү. Гэсэн ч тамирчин хүн бэлтгэлээ таслахгүй байх дүрэмтэй. Бид Дарханы замд өдөрт 2-5 цаг бэлтгэл хийдэг юм. Харин орон нутгийн тамирчид шороон замаар явдаг. Энэ нь тэдний нэг давуу тал болдгийг уралдааны үеэр ажигласан. Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатар зэрэг аймгийнхан уулын, бартаат замын уралдаанд их сайн.
-Саяхан Швейцарьт очиж олон улсын дугуйчидтай бэлтгэл хийсэн. Ямар чанарыг тэднээс ажиглав?
-Монголд ирсэн Швейцарийн дугуйчид “Атилла” клубийн тамирчин Н.Хангарьд бид хоёрт тэнд бэлтгэл хийх санал тавьсан юм. Монгол, БНСУ, Катар, Иран гээд арав орчим орны 23-аас доош насны дугуйчид хамтарч бэлтгэл хийлээ. Тэдэнтэй өөрсдийгөө харьцуулахад чадварын хувьд эн тэнцүү санагдсан. Харин тэд биднийг бодвол тун нөхөрсөг, илэн далангүй зантай юм билээ. Тэрчлэн ихэнх орны тамирчид жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийх боломжтой. Гэтэл Монголд өвөл тийм боломжгүй, тусгай зориулалтын зам ч байдаггүй.
-Өвөл бэлтгэлээ хийхгүй болохоор амжилтад хэр нөлөөлдөг бол?
-Би дугуйнаас гадна сагсан бөмбөг, цанын спорт сонирхдог. Өвөл цана, тэшүүрээр хичээллэж дугуйн бэлтгэлээ нөхдөг юм. Амжилтад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг л байх. Гэхдээ “Муу мужаан багажаа голдог” гэдэг шүү дээ. Сайн тамирчин муу дугуйтай байсан боддог.
-Ингэхэд хэдэн дугуй сольсон бэ. Спортын дугуй үнэтэй байдаг гэж сонссон?
-2006 оноос хойш гурван дугуй сольсон юм байна. Анх Оросын “Start”, дараа нь хоёр сая орчим төгрөгөөр өөр нэг дугуй авсан. Одоо холбооноос өгсөн “Panasonic”-той байна. Мэргэжлийн унадаг дугуй багадаа 3000-4000 долларын үнэтэй.
-Спорт чамд юу өгсөн бэ?
-Спортоор хичээллэсэн нь намайг зөв тийш залж, хүмүүжүүлсэн. Миний үеийн залуус баар, цэнгээний газраар хэсэж, архи тамхи замбараагүй хэрэглэдэг. Тэгвэл тамирчдын хувьд тэмцээн, бэлтгэл, заримдаа хичээл давхцаад тэгж явах боломж байхгүй, өөрсдөө ч хүсдэггүй. Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших багш маань зөвхөн дугуй унахыг бус амьдралын ухааныг зааж, намайг хүмүүжүүлдэг гэдгийг энд дурдах хэрэгтэй байх.
-Дугуй унах үед чи юу мэдэрдэг вэ?
-Дугуй унах нь өөрийгөө чагнах боломж олгодог. Уралдааны тактикаас эхлээд ирээдүйн хүсэл, зорилгоо тэр үед л бодож, боловсруулдаг даа. Тэр дундаа хотоос зайдуу бэлтгэл хийх нэг талаараа амралт болж, тайвшрал өгдөг юм. Би ирээдүйд “Tour de France”-д оролцож, түрүүлэхийг мөрөөддөг. Энэ бол миний төдийгүй бүх дугуйчны хамгийн том мөрөөдөл.
Б.ЭГШИГЛЭН