Бөөр хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ
Бөөр 130-150 грамм жинтэй,11х5 см хэмжээтэй. Хүний амин чухал эрхтнүүдийн нэг. Хэрэв үйл ажиллагаа нь бүрэн алдагдвал тухайн хүн амьдрах боломжгүй. Бөөр дараах гол үүргүүдийг гүйцэтгэнэ. Үүнд: бие махбодийн байх ус (биеийн нийт жингийн 60-70 % нь ус байдаг) давсыг (натри, кали, кальци, магни) зохицуулж хэвийн байлгана.
Биед бодисын солилцооны үр дүнд үүссэн хортой бодисыг (мочевин, креатинин, шээсний хүчил) ялгаруулна. Биеийн дотоод шингэнийг хүчиллэг, шүлтлэг байдлыг зохицуулахад чухал үүрэгтэй. Эдгээрээс гадна бөөр дотоод шүүрлийн үүрэг гүйцэтгэх бөгөөд биологийн чухал идэвхтэй бодис ялгаруулдаг. Бөөрний бүтэц үйл ажиллагаа нь дээр дурдсан эдгээр физиологийн нарийн процессийг гүйцэтгэхэд гайхамшигтай зохицсон байдаг.
Бөөр өвчлөх шалтгаан
Бөөрний эдийг хамарсан төрөлхийн, олдмол, анхдагч, хоёрдогч гэх олон төрлийн өвчин байдаг. Эдгээрээс зонхилон тохиолддог нь бөөрний дархлааны болон нянгаар үүсгэгдсэн үрэвсэлт өвчин юм.
Шинж тэмдэг
Өвчний үед гарах анхны шинж тэмдэг олон янзаар илэрнэ. Бөөрний аль хэсгийг хамарсан цочмог, архаг өвчин үү гэдгээс хамаарна. Бөөр хоёр талдаа өвдөж, ойр ойрхон шээнэ. Хавагнаж цусны даралт ихдэн, нүдний хараа муудна. Гэдэс дотор хямарч, халуурснаас толгой өвдөнө. Зарим үед өвчин ямар ч шинж тэмдэг мэдэгдэхгүйгээр эхэлдэг.
Бөөрний хаван
Бөөрний өвчтэй үед цөөнгүй тохиолддог шинжүүдийн нэг нь бөөрний гаралтай хаван юм. Бөөр биеийн усыг зохицуулж, тогтмол нэг хэм хэмжээнд байлгадаг. Ус ялгаруулдаг хэсэг өвчилж гэмтвэл илүүдэл ус, натрийн давс арьс махан завсар хурж хаван үүсгэдэг. Их хавагнасан үед ус цээж, хэвлийн хөндийд хуралдаж хүндэрнэ.
Бөөрний даралт
Бөөрний цочмог өвчний үед биед ус, натрийн давс хуралдсанаас даралт ихэсдэг. Бөөрний даралт зохицуулах үйл ажиллагаа алдагдан, өвчлөлийн үед эд, эсийн хангамж буурах нь даралт ихсэхэд нөлөөлнө. Ийм үед ренин хэмээх бодис их ялгардаг.
Бөөрний дутагдал
Бөөрний дутагдал нь цочмог, архаг гэсэн хоёр төрөлтэй. Цочмог дутагдал өвчний үед бөөр гэмтэж, үндсэн үйл ажиллагаа нь алдагддаг. Архаг өвчний улмаас бөөрний нефронууд үхжиж, тоо хэмжээ нь цөөрснөөс бөөрний ажиллагаа аажим аажмаар шатлан буурч, архаг дутагдлын төгсгөлийн шатанд орно.
Бөөрний даралт, бөөрний дутагдалтай өвчтөний эмчилгээ
Мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу эмчилгээг хийлгэнэ. Дур мэдэн янз бүрийн эмчилгээ хийж огт болохгүй. Цусны даралтыг эмчийн заавраар зохистой түвшинд байлгана. Даралт хэт буух, хэт ихсэх муу. Бөөрний дутагдалтай өвчтөнд эмчийн заавраар бөөрний дутагдалд хүргэсэн өвчинг намжуу байлгах, үүссэн дутагдлын шинжүүдийг багасгах, эмийн болон хоол эмчилгээний нарийн дэглэм сахиулна. Биеийн ус, шингэн, давс, азотын бодисын алдагдлыг багасгах чиглэлийн арга хэмжээ авна.
Бөөрний чулуу
Бодисын солилцооны явцад бөөрөөр ялгарч буй төрөл бүрийн давсны талстууд хуралдсанаас бөөрөнд чулуу үүсдэг. Чулуу авах мэс ажилбарын дараа ч дахин чулуу үүсэх магадлал өндөр байдаг.
Бөөрний аппаратад (диалез) ямар тохиолдолд ордог вэ?
Өвчтөнг бөөрний цочмог дутагдал болж шээс гарахгүй хордлого ихсэх үед диалезд оруулах шаардлагатай. Бөөр үйл ажиллагаагаа гүйцэтгэх боломжгүй болсон үед л диалезд оруулна.
Бөөр шилжүүлэн суулгах
Бөөр шилжүүлэн суулгах нь бөөрний архаг дутагдлын эмчилгээний нэг арга юм. Энэ нь диалез эмчилгээг бодвол нэлээд цаг хугацаа, боломж нөхцөл шаардсан эмчилгээ. Наад зах нь өвчтөнд тохирох донор олох хэрэгтэй. Гемодиалез эмчилгээг сайн хийвэл үр дүн нь харагддаг.
Хориглох хүнсний бүтээгдэхүүн
Хэрэв шээс огт гарахгүй байвал шингэний дэг барина. Даралт ихтэй үед хоолны давс, уураг, кали, кальци, фосфор их агуулсан хүнсийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.
Ингэний хоормог, элсэн эмчилгээний үр дүн
Говь цөлийн хуурай, дулаан уур амьсгал нь бөөрний гломерулонефрит өвчний эмчилгээнд илүү тохирно. Гэхдээ өвчний эмнэлзүйн ямар хэлбэр, өвчний ямар үед байна, бөөрний үйл ажиллагааны алдагдал, цусны даралт ихдэлт зэргийг нарийн харгалзаж, мэргэжлийн эмчийн зөвлөсний дагуу эмчлүүлэх нь ашигтай. Сувилалд төрөл бүрийн жимсний шүүс, ногоон цай, ингэний хоормогийг хослуулан хэрэглэх нь өвчний эдгэрэлтэд сайнаар нөлөөлнө.
Уураг алдалт
Шээс бөөрөнд ялгарч эхлэхдээ цусны сийвэнгээс нефроны түүдгэнцэрийн хялгасан судасны ханаар шүүгдэж ялгарна. Эрүүл үед ялгарч буй шээсэнд цусны улаан эс, уураг ялгарахгүй. Харин бөөрний түүдгэнцэр өвчилсөн үед шээсээр уураг, цус ялгаран гарахыг уураг алдалт гэдэг. Ихэвчлэн гломерулонефритээс болно. Энэ өвчин хүндэрсэн тохиолдолд хөдөлмөрийн чадваргүй болгодог тул хүүхэд, залуучууд сэргийлэх нь чухал.
Удамшил
Бөөрний удамшлын өвчин олон бий. Гэхдээ манай оронд харьцангуй цөөн. Бөөрний төрөлхийн уйланхай, Альпортын хам шинж гэх зэрэг удамшлын өвчин байдаг.
Бөөрийг хэрхэн цэвэрлэх вэ
Бөөр цэвэрлэх нь бөөрний дутагдлын үед хийдэг үйлдэл. Бөөрний ялгаруулж чадахгүй биед хуралдсан зарим хортой бодисыг хоол боловсруулах замаар биеэс гадагшлуулдаг. Энэ зорилгоор ходоод угаах, бургуй тавих, сорбент уулгах (хорт бодисыг шингээж ялгаруулагч бодис), Янгийн уусмал уулгах аргыг хэрэглэнэ.
Урьдчилан сэргийлэлт
Бөөрний өвчнөөр өвчилсөн хойно эмчлүүлэхээс сэргийлэх нь илүү хялбар. Таны эрүүл саруул, амьдарч ажиллах нөхцөл болно шүү дээ. Өвчин бүр өөр өөр байх боловч биед түгээмэл тохиолдох зарим өвчнөөс сэргийлэхэд тус болох дараах зарим зүйлийг дурдъя.
-Амны хөндий, шүд гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчнөөс сэргийлэн эмчлүүлэх
-Даарах норохоос сэргийлэн цаг улиралд тохируулан хувцаслах
-Онцын шаардлагагүй бол бөөрөнд халтай эм удаан уухаас татгалзах
-Жирэмсэн үед бөөр өвчилсөн бол эмчид үзүүлж, хяналтад байх.
-Чихрийн шижин, тулай, холбох эдийн өвчнүүдээс сэргийлэх хэрэгтэй.