ЯРУУ НАЙРГИЙН ГАЛЫН ДЭРГЭД
Хөгшид
Хаврын наранд нуруугаа ээж
Харваас жаргалыг ханатал эдэлж
Хөх тэнгэрийн доор ярилцаж суугаа
Хөгшчүүл, үзэж өнгөрүүлсэн хорвоодоо жаргалтай!
Мөнгийг мэднэ, мөнх бус хорвоо үнэгүйг ч мэднэ
Мөс чанарыг худалдаж авч болохгүйг ч мэднэ
Алив юм бүхэн учирч, арилж байдгийг мэднэ
Ариун сэтгэл, тэнгэрт ганцхан нар шиг үлддэгийг мэднэ
Алдар нэрийг мэднэ, агшин зуурын холбоог мэднэ
Алга болсон хойно бүх юм өөрт хамаагүйг мэднэ
Арилж гандсаны төлөө харамсаж гунихгүйг ч мэднэ
Амьдын жаргалыг хорвоод юугаар ч солихгүйг мэднэ
Нэр төрийг мэднэ, нинжин сэтгэлийг мэднэ
Нэгийнхээ төлөө үхэж болох агшныг мэднэ
Хэрэгтэй цагт худал хэлэхийг ч мэднэ
Хэрэггүй цагт дуугүй тэвчихийг ч мэднэ
Аяа, хөгшид амьтны хорвоог үзэж, бүхнийг туулсандаа
Амьд хойчийнхоо төлөө эгэл биеэ золихыг юуханд ч эс
санана.
Гэгээн цэнхэр өдөр тэд тэнгэрийн доор
Гэрэлт нарны бүлээн илчийг биедээ шингээнэ.
Алив юманд тэгээд халуун илчит сэтгэлээр хандаж
Алга болохын цагтаа наран дулаанаа бидэнд үлдээнэ.
Аяа, хөгшид хүүхэд мэт ариухан, гэнэн тунгалаг
бололтой ч
Амьдралыг нүцгэнээр нь харж хатуу ширүүнээр шүүнэ.
Аж төрөхийн үнэнийг цаг цагт нь тооцно
Амьдын жаргалыг бусдад үйлдсэн сайн үйлээр цэгнэнэ.
Өдөр хоногийн эрхин хэлхээг дэмий нэг тоололгүй
Өндөр насны тэнгэрээс дуугүй хайраа зөн совинд
шингээнэ!
О.Дашбалбар
Би огт гунихгүй
Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж
Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай
Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй
Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй
Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч
Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л
амьдарна
Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ…
Амьд яваа минь бурхны тоглоом, үйлийн сүлжээс!
Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл
Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?
О.Дашбалбар
Сэтгэлийн аяз
Хөх өвсний налах чимээ сонсогдоно
Хөндүүр зүрхэнд сарны гэгээ шагалзана
Хөлийн чинь гишгэх хэмээр хорвоо ойртоно
Хөмсгөн доор зөөлөн сэтгэлийн цалгиа анирлана
Айсуй яваа баярын зөн совин татна
Алганд тунасан борооны дусал мэлтэлзэнэ
Харьж яваа орчлонгийн хором намайг урсгана
Харц оносон нялх цэцгийн дэлбээ задарна
Нарны хүрэлцэх орон зайд оршигч бүхэн
Надаас илч гэрэл нэхнэ
Сарны хөлд шаргал өвсний шүүдэр сүүдэхүй
Салхины торгон мэдрэмж алганы хээнд сарнина
Ирэх өдрүүдийн намираа бороон дунд
Эрэвгэрхэн сормуусаа чийглэж санагалз даа
Мөнгөн сортой санчигны чинь гэрэлд
Мөнхийн эрхэмсэг дүрээ тодруулан нэг үзмээр байна
Хэн ч бүтээхгүй ариун гунигаа орчлонд бэлэглэчихээд
Хээнцэр гоо араншингаа чинийхээ л төлөө үлдээнээ би
/Ц.Бавуудорж/