Сонгодог урлагийн тайзнаа дэлхийн энд хүрсэн мэргэжлийн уран бүтээлийг гоцолдог ч олны хараанд өртөлгүй нам гүм амьдардаг жинхэнэ од олон бий. Тэдний нэг нь Ш.Наранчимэг. Хамгийн сүүлд тэрбээр Ж.Вердийн “Аида” дуурийн Аидагийн дүрийг хоёр ч удаа бүтээж, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан юм. Этиопийн эрх танхи гүнжээс эрэмгий бүсг үй Донна Эльвера, Тэмүүжинд сэтгэлээ зориулсан Хадаан гээд түүний бүтээсэн дүрүүд уран бүтээлчийн чадварыг сорьж, хоолойн царыг нь таниулдаг шидтэй.
Дэлхийн дуурийн ноён оргил болсон бүтээлд гоцлохын зэрэгцээ тавдугаар сард “Тэнгэр цоргиосон аялгуу” бие даасан дөрөв дэх тоглолтоо хийснийг нь бодохоор Ш.Наранчимэг бүхнийг амжуулдаг ажилсаг нэгэн. Тэр ч бүү хэл дуурийн дуучдаас анх удаа Морин хуурын чуулгатай хамтран тоглолт хийж, цомог гаргасан. Амрах завг үй ажилладаг, авьяаслаг дуучин бүсгүйг “Бямбын ярилцлага”- ынхаа хойморт урилаа.
-ДБЭТ-т 25 гоцлол дуучин бий. Мэргэжлийн сургууль төгссөн дуучин бүр л энэ театрын гоцлооч болохыг хүсдэг байх. Та хэдэн онд энэ театрт ажилд орсон бэ?
-2003 онд ДБЭТ-т найрал дуучнаар ороод, 2005 онд гоцлол дуучин хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртсэн. Энэ хугацаанд 20-иод дуурийн гол болон туслах дүр бүтээсэн. Биднийг сургууль төгсөөд ирж байх үед дуучдыг эхлээд заавал найрал дуунд дуулуулдаг байсан юм. Одоо бол авьяастай, ирээдүйтэй дуучдыг гоцлол дуучны ангийн дэргэдэх группт оруулдаг болсон.
-СУИС төгссөн ангийнхнаас чинь олны танил дуучин олон төрсөн биз?
-Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Хонгорзул, Жавхлан, Т.Баясгалан, соёлын тэргүүний ажилтан Л.Чулуунбаатар гээд чадварлаг дуучин бий.
-Ангидаа хэдүүлээ байсан бэ. Ихэнх нь нийтийн дуучид байх нь ээ?
-20-иулаа төгссөн. ХБК болон СУИС-д сурч байсан найман жилийн хугацаанд ангийнхнаас маань нийтийн дуучин олон төрсөн. СУИС төгссөн ангийнхнаас эстрадын дуучны ангид хоёр, уртын дууныхад хоёр хүүхэд байсан. Харин би нэгэнт дуучин хүний оргил нь хаана байх ёстой вэ, тэр газарт нь хүрнэ гэж хүсдэг байлаа. Энэ мөрөөдлөө сэтгэлдээ нууцхан тээж явсаар Монголын хамгийн том тайзан дээр дуулж байна. Театрын гоцлол дуучдын нэг үе яг солигдож таарлаа. Шинэ залуу уран бүтээлчид хамтраад ахмадуудынхаа хийж бүтээснийг үргэлжлүүлж, илүү амжилтад хүргэхээр тэмүүлж явна.
-Мэргэжлийн дуучин болох мөрөөдөлдөө үнэнч байсан нь ямар нэг шалтгаантай юу. Гэр бүлд тань урлагийн мэргэжилтэй хүн бий юү?
-Манай гэр бүлд урлагийн, тэр тусмаа сонгодог урлагийн мэргэжилтэй хүн байхгүй ээ. Аав минь жолооч, ээж минь аймгийн захиргаанд бичээч хийдэг байсан. Багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан учраас аав, ээж минь намайг дэмжин мэргэжлийн сургуульд оруулсан. Би Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн. Гэхдээ манайханд нутаг усандаа сайхан дуулдгаараа алдаршсан хүмүүс бий.
-Тэгвэл та энэ мэргэжлийг сонгосноор ах дүү, хамаатан саднаа сонгодог урлагт ойртуулах гүүр тавьж байгаа юм байна.
-Гүүр болох боломж бий. Миний төрсөн дүү биш ч ээжийн эгчийн хүүхдүүд ч юм уу ийм мэргэжил сонгох боломжтой. Багш минь “Танай нутагт сайн дуулдаг хүүхэд байна уу. Багш нь дахиад нэг хүнийг чам шиг сайн дуучин болгомоор байна” гэж надаас асуудаг.
-Таны багшийн алдар хэн билээ?
-Монгол Улсын гавьяат жүжигчин Бүтэд.
-Багш тань аминчлан захиас хэлдэг гэхээр та хайртай шавь нь байх нь ээ?
-Оюутнууд “Багшийнхаа урдаас гарсан” гэж шоолдог юм. Өөрийнх нь хийж байсан ажлыг үргэлжлүүлээд, ширээн дээр нь сууж байгаа учраас би багшийнхаа хамгийн хайртай шавь нь. “Маш их идэвхтэй. Хийе гэснээ заавал хийдэг” гэж багш намайг магтдаг юм. Онгироодог ч байж магадгүй. Гэхдээ л намайг сайн дуучин болно гэдэгт үргэлж итгэдэг. -Анх бүтээсэн дүр тань юу вэ? -2003 онд Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Хадаанд дуулсан. Одоо ч энэ дүрдээ дуулдаг. Намайг энэ театрт тэнцэж, цаашид дуулах эсэхийг минь харуулсан учраас “Чингис хаан” дуурийн Хадаан, “Дон Жуан” дуурийн Донна Эльверагийн дүрдээ хайртай.
-Дуурийн дуучид олон орны хэлээр дуулах шаардлага тулгардаг уу?
-Манай ихэнх дуурь итали хэлээр байдаг. Би 2006 онд Италид мэргэжил дээшлүүлээд ирсэн. Мэдээж дуучин бүр юу дуулж байгаагаа мэддэг байх хэрэгтэй. Түүнээс гадна гадаадын үзэгчид, удирдаач нар манай театрт зочилж, тоглолт үзэж байна. Тэгэхээр дэлхийн энд хүрсэн, мэргэжлийн төвшинд тоглох нь бидний үүрэг.
-Бүтээсэн дүрүүдийн тань аль нь хүнийхээ хувьд тантай илүү адилхан бэ?
-“Дон Жуан” дуурийн Донна Эльвера адилхан юм уу. Наалинхай биш хурц дүр л дээ. Одоо би “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад дуулдаг боловч найруулагч “Нараагийн нүд нь гялалзаад Хоролмаад илүү тохирно” гэдэг юм. Дуурийн дуучин жүжигчин байх ёстой. Тиймээс зөвхөн өөрийнхөө зан байдалд тохирсон дүрд дуулна гэж байхгүй. Хувирна.
-Баянхонгор аймгийн Богд сумаас Улаанбаатар хотыг зорьж байсан Ш.Наранчимэгээс ДБЭТ-ын гоцлооч Ш.Наранчимэг хүртэл хэр их өөрчлөгдсөн бэ?
-Найз нөхөд болон гэр бүлийн хүн маань хэлэх байх. Тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн зүйл бий. Гэсэн ч дунд сургуульд хамт сурч байсан найзууд минь намайг огт өөрчлөгдөөгүй л гэдэг. Ер нь хүн ямар ч явж болно. Тиймээс эхээс төрсөн тэр зангаараа, өөрийнхөөрөө л байх нь зөв.
-Бага байхдаа Үндэсний их баяр наадмаар хэрхэн баярладаг байв аа?
-Би хөдөөгийн хүүхэд болоод ч тэр үү наадам, цагаан сарын баярт их дуртай. Жил бүрийн наадмаар сугалаа сугалж, ямар нэгэн зүйл хождог байсан. Наадмын талбайд очиж хуушуур идэж, сугалаа сугалж, морь унана гэж л яарна шүү дээ.
-Хурдан морь унадаг байв уу?
-Яг наадамд уралдаж байгааг үй ч сунгаанд хурдан морь унадаг байсан. Эмээ, өвөөгийндөө байнга очдог байсан учраас мал ахуй сайн мэднэ ээ. Хонь гаргаад гэдэс цэвэрлэ, аргал түүгээд гал түл гэвэл би хийж л орхино. Гэртээ анхаарал хандуулах завгүй ажилтай байдаг ч гэрийн ажилд сайн шүү.
-ДБЭТ-т бямба гариг бүрт дуурь тоглодог. Тэгэхээр та хэдийд нь хэрхэн амардаг вэ?
-Театрын уран бүтээлээс гадна хувийн уран бүтээлээ хийнэ. Мөн дуурь бүрийн ноотыг цэг таслалгүй цээжилж хувийн бэлтгэлээ хангана. Тайзан дээр гурван цаг дуулдаг байхын тулд формтой байх хэрэгтэй. Ер нь амрах цаг бараг байдаггүй.
-Ээж нь зав гаргахгүй болохоор хүү нь гомдоллох уу?
-Миний хүү есөн настай. Эхэндээ гомдоллодог байсан ч одоо бол ээжийнхээ сайн туслагч. Тоглолт тараад ирэхэд “Ядарч байна уу” гээд л анхаарал тавина. Ээжийнхээ хэмнэлд тааруулж, өөрөө өөртөө ээж болоод л явдаг.
-Гол дүр бүтээхийн тулд хэр их өрсөлддөг вэ?
-Ихэнх дуурийн гол дүрд сопран хоолойтон дуулдаг. Гэхдээ хүн өөрийнхөө хоолойд тохирсон дүрдээ л дуулах хэрэгтэй. Түүнээс биш “Бүгдийг би дуулна” гэж болохгүй. Миний хоолой Тоскад тохирдог. Дараа нь Турандотод дуулах хүсэл бий.
-Таны хүсэл мөрөөдлийн оргил нь юу вэ?
-Өөрийнхөө хоолойд тохирсон дүрүүдийг бүтээгээд, гаднын улс орны тайзнаа дуулахсан гэдэг мөрөөдөлтэй.
-Анх дуурь үзэхэд ямар санагдаж байв. Яаж ийм хоолойтой болно оо гэж шантарч байв уу?
-1995 онд ХБК-д орсон цагаасаа багшийгаа дагаад ДБЭТ-т ямар дуурь, балет тоглоно бүгдийг нь үздэг байлаа. Эхэндээ яаж дуучин болно доо, би чадах болов уу гэж шантрах үе байсан. Заримдаа хоолой өвдөнө, сэтгэл хямарна. Гэхдээ маш хүнд үеүдийг давж энд зогсож байгаадаа баярладаг. Ямар ч байсан их хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг ойлгосон.
Эд баялаг, эрх мэдлийн төлөө биш хүсэл тэмүүлэлдээ үнэнчээр хөдөлмөрлөж байгаа хүмүүс бол урлагийнхан. Төсвийн гэгдэх бага цалин тэдний хүсэл мөрөөдөлд огтхон ч саад учруулахгүй нь гайхалтай.
Ж.Солонго