Дэлхийн сонгодог урлагийн олимп хэмээн нэрлэдэг суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан зургадугаар сарын 14-30-нд ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод болсон. 40 гаруй орны 600 гаруй уран бүтээлч хийл, төгөлдөр хуур, гоцлол дуучин төрлөөр өрсөлдсөн уг уралдаанд манай Э.Амартүвшин, Ч.Энхтайван, Ж.Бямбажав нар амжилттай оролцож, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин мөнгөн медаль хүртээд өчигдөр эх орондоо ирэв. Шилдгийн төлөө өрсөлдсөн дөрвөн эрэгтэй дуучны хоёр нь Монголын Э.Амартүвшин, Ч.Энхтайван нар байсныг онцлох хэрэгтэй. Ж.Бямбажав шилдэг 20-д үлдсэн юм. Сонгодог урлагийн олимпоос мөнгөн медаль хүртсэн дуучнаа угтах арга хэмжээ ДБЭТ-т өчигдөр болсон.
Хөдөлмөрийн баатар Х.Уртнасан, ардын жүжигчин Б.Жамьян дагва, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Эрдэнэбулган, Төрийн шагналт Б.Шарав, гавьяат жүжигчин А.Долгор, ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн, СУИС-ын багш, доктор Ц.Ерөө, концертмейстер Б.Солонго нарын Монголын сонгодог урлагийн үе, үеийн төлөөлөгчид сонгодог хөгжим эгшиглэж, ширээ зассан танхимд олимпийн медальтнаа угтаж авав. Монголын сонгодог урлагийн төлөө амьдрал, зүрх сэтгэлээ зориулсан уран бүтээлчид баярлаж догдолсондоо нулимс дуслуулж харагдсан. Тэд бүгдээрээ Э.Амартүвшинээр бахархаж буйгаа илэрхийлж, Ц.Ерөө багш “Манай Амартүвшин сонгодог урлагт үнэн сэтгэлээсээ дурлачихсан, сурах зүйлээ хэнээр ч шахуулалгүй сурдаг тэргүүний оюутан байсан” хэмээн дурсав.
Төрийн хошой шагналт Н.Жанцанноров “Миний тэр гүүлдэг Монголын урлагийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Монгол Улсад суугаа Элчин сайдууд багтдаг юм. Тэд уралдааны дүн гарсны маргааш өглөө баяр хүргэцгээсэн. Энэ бол Монголын дуурийн урлагийг дэлхий сонирхож буй хэрэг. Монголын дуурийн урлаг дэлхийн төвшинд хүрчээ” хэмээн зарлалаа. Амартүвшиний аав Л.Энхбат, ээж У.Оюунбилэг нар “Хүү минь дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдөж, 24-хөн насандаа ийм том амжилт үзүүлсэнд үнэхээр баярлаж байна. Хүүгийнхээ багш, хамт олонд болон Монгол Улсын нэрийг дуурийн урлагаар дэлхийн тавцанд гаргасан хүүдээ баярлалаа. Сүүлийн хэд хоног сэтгэл хөдлөөд нойргүй шахам явж байна” гэж ярив. Баяр, бахдалаар цалгисан уг арга хэмжээний үеэр дуучин Э.Амартүвшинтэй ярилцлаа.
-Сонгодог урлагийн олимпоос мөнгөн медаль хүртсэнд тань уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
-Баярлалаа. Ийм амжилт гаргана гэж бодоогүй, ур чадвараараа дуучдын хаахна яваагаа мэдье гэж энэ уралдаанд оролцсон. Чайковский бол Чайковский л байдаг юм байна. Нэрэмжит тэмцээн нь үнэхээр өргөн цар хүрээтэй, оролцогчид нь чадалтай, шүүгчид нь чанга юм. Уралдаанд оролцоход бэлтгэл сайн ханасан, бүх зүйл таарсан байсан.
-Дуурийн урлагт хэзээнээс “дурлав”?
-Манайх Сүхбаатар аймгийн Халзан сумын айл. Би аймгийнхаа арван жилийн нэгдүгээр сургуульд суралцаж төгссөн. Есдүгээр ангид байхдаа нийслэлд ирж хүүхдийн дууны наадамд оролцсон юм. Тэр үед багш нарын нүдэнд гайгүй дуулчихаар харагдсан юм байлгүй, Хөгжим бүжгийн коллежид элсэх урилга өгсөн. Гэвч би аравдугаар ангиа төгсөөд СУИС-д л сурмаар санагдаж шалгалт өгтөл тэнцчихсэн. Дунд сургуулийн ахлах ангид орсноос хойш чанга, хүчтэй хоолойтой дуучдыг сонсох дуртай болсон. Монголынхоо алдартай, ахмад дуучдын бичлэгийг сонсдог байлаа. Тэгсээр байгаад дуурийн урлагт эргэлт буцалтгүйгээр татагдсан.
-Ихэнх дуучин багадаа сургуулийнхаа урлаг, уран сайхны ажилд идэвхтэй оролцдог байсан гэж ярьдаг. Өөрөө ч тийм байсан бололтой?
-Би багадаа их ичимхий, багагүй зөрүүд, сонин ааштай хүүхэд байсан. Дуулах дуртай хэрнээ хүний хажууд дуулж чадахгүй. Зуны амралтаар өвөөгийндөө очиж хонь хариулдаг байлаа. Хонь хариулж явахдаа хүний нүднээс далд ханатлаа дуулж авдагсан. Жаахан томроод ичимхий зан маань гайгүй болж, сургуулийнхаа урлагийн үзлэгт дуулдаг болсон.
-Багш тань сонгодог урлагт зүрх сэтгэлээ зориулсан хэмээн тодорхойлж байна билээ?
-Би мэргэжилдээ үнэхээр хайртай, дуртай. Дуулж байхдаа л аз жаргалтай байдаг. Дуурийн дуучны мэргэжил хүнээс нарийн мэдрэмж, ухаан, авьяас гээд олон зүйл шаарддаг. Нойр, хоолоо тааруулахаас эхлээд зарим үед хэцүү санагдах зүйл бий. Гэхдээ энэ мэргэжлийг сонгоод явж байгаа хүнд хэцүү биш.
-Сая уралдаанд оролцохдоо өрсөлдөгчид, үзэгчдээс ямар магтаал сонсов?
-Хүмүүс “Монголчуудын хоолой цаанаа өөр, сайхан сонсогдож байна. Мэргэжлийн ур чадвар сайтай юм. Дуулаачийн мэргэжлийг хаана эзэмшсэн бэ” гэж асууж байсан. Энэ бол манай багш нарын ур чадвар, заах арга дэлхийн төвшинд хүрсний үнэлгээ гэж ойлгож байгаа.
-ДБЭТ-т ажиллах хугацаандаа ямар томоохон дүрд дуулав?
-СУИС-ийг 2009 онд төгсөөд тэр жилдээ ДБЭТ-т дуучнаар ажилласан. Оюутан байхдаа “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрд дуулж, улсын уралдаанд хоёрдугаар байр эзэлж байлаа. Эхний жилдээ туслах дүрд тоглодог байлаа. Энэ жил манай театр Ж.Вердийн “Айда”-г тавихад Айдагийн аав Этиопын хааны дүрийг бүтээсэн. Бас “Ламбагуайн нулимс” дуурийн Лодонгийн дүрд дууллаа.
-Энэ жил таны их амжилтын гараа эхэлж байна гэж ойлгож болох уу?
-Чайковскийн нэрэмжит уралдаанд явахаас 4-5 хоногийн өмнө Буриадад болдог “Байгаль” уралдаанд оролцож түрүүлсэн. Дуулаачийн мэргэжлээр ажилласнаас хойш олон улсын томоохон уралдаанд оролцож анхны амжилтаа гаргасан жил учраас тэгж ойлгож болох юм.
-Шилдэг наймд үлдчихээд, медальт байрт шалгарах эсэхээ мэдэхгүй байх үеэ дурсаач?
-Байр эзэлж чадах болов уу, үгүй болов уу гэж түгшээд тайван ч сууж чадахгүй хэцүү байсан. Интернэтийн санал асуулга харахад хүмүүсийн хандлага надад их сайн байсан болохоор жаахан сэтгэл уужирсан ч өөрийгөө медаль авна гэдэгт итгэхгүй байлаа.
-Энэ том уралдаанд ямар бүтээл дуулсан бэ?
-Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Чингис хаан” дуурийн залуу Тэмүүжиний ари, “Аав, ээж хоёр минь” дуу, “Гавалмаа” ардын дууны найруулга зэрэг бүтээлийг дуулсан.
-Дуучныхаа хувьд яг одоо юу мөрөөдөж байна вэ?
-Дэлхийн номер нэг дуурийн дуучин болохыг хүсэж байна.
-Монголын сонгодог урлагийн томчууд “Манай сонгодог урлаг дэлхийн төвшинд хүрчээ” гэсэн нь чамайг үнэлсэн хэрэг байх?
-Энэ мундаг хүмүүсээс ийм үг сонсох сайхан байна. Асар их урам зориг авлаа. Өөрийгөө дэлхийн хэмжээнд хүрсэн гэх ч хаашаа юм, гэхдээ энэ том уралдааны хоёрдугаар байр эзэлсэн гэж бодоход сайхан байна.
-Өөрийгөө тоох сэтгэл төрж байна уу?
-Урлагийн хүн өөрийгөө тоох буруу гэдэг. Гэхдээ би энэ том тэмцээнд дэлхийн том дуучидтай өрсөлдөж, тэднээс дутахгүй гэдгээ харуулсан болохоор нэг тийм сайхан мэдрэмж төрж байна.
-Гадаадын томоохон театруудаас урилга ирвэл...
-Хүлээж авах байх. Уралдааны үед яг тэгнэ ингэнэ гэж ярьсан зүйл байхгүй. Бужигнасаар байгаад л таарлаа. Гэхдээ Оросын алдартай удирдаач В.Гергиевтэй яриа үүсгэх завшаан олдсон. Тэр хүн цаашид хамтарч ажиллаж болох байх гэсэн утгатай зүйл ярьсан. Урилга ирж магадгүй юм.
-Та их ядарсан шинжтэй харагдаж байна.
-Ядарснаа мэдрэх завгүй л явлаа. Одооноос л мэдрэх янзтай.
-Уншигчид таны хувийн амьдралын талаар мэдэхийг хүсэж байгаа байх?
-Манайх гурван хүүтэй айл. Би дундах нь. Хөдөө төрж, өссөн жирийн л монгол залуу.
-Найз бүсгүйтэй юү?
-Манай театрын гоцлол дуучин Н.Туяа миний найз бүсгүй шүү дээ.
-Хэзээ гэрлэх вэ, төлөвлөж амжсан уу?
-Одоохондоо төлөвлөсөн зүйл алга.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлийг таны мэдэлд үлдээе.
-Энэ агуу урлагийн үн эсийг суулгаж, түүнийг арчилж ургуулсан бүх үеийн уран бүтээлчид, багш нар, хамт олон, аав, ээж, миний төлөө баярлаж, догдолж тэмцээний дүнг хүлээсэн бүх хүнд баярлалаа.
Х.УЯНГА