
Тайланд улсад зохион байгуулсан “Tour of Thailand” дугуйн олон өдрийн тэмцээнд 20 орны 15 багийн 85 тамирчин оролцлоо. Сүүлийн зургаа дахь өдрийн уралдаанд Малайзын “Terengganu” мэргэжлийн дугуйн багийнхантай хурд сорьсон “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ С.Жамбалжамц нийлбэр дүнгээр түрүүлж, Олон улсын дугуйн холбооны чансааны оноог ахиулав. Тэрбээр тус тэмцээний дөрөв дэх өдрийн 143 км-ийн замд амжилттай уралдаж III байр эзлэн, хүрэл медаль хүртсэн юм.
Ташрамд дуулгахад, Монголын дугуйн холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн хурал боллоо. “Team Oggi” клубийн дасгалжуулагч А.Алтансүх, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Т.Төгөлдөр, Сүхбаатар аймгийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч С.Төмөрхуяг нар өрсөлдсөнөөс олонхын саналаар Т.Төгөлдөрийг зөвлөлийн даргаар сонгожээ.
Бэлтгэсэн Г.Цэцэг