
Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од мэргэжлийн сагсан бөмбөгч болохоор алс холын Америкийг зорьсон цаг саяхан. Сагсан бөмбөгийн өлгий улсад хөл тавьснаасаа хойш олон өрсөлдөөн, сорилтыг амжилттай даван туулж, сайн тоглосоор буй таатай мэдээг нь бид сонссоор уджээ. Тэгвэл өчигдөр Ш.Энх-Од АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн дээд лигт баг нь тоглодог Дэйтоны их сургуулиас ирсэн тэтгэлгийн саналыг хүлээн авч буйгаа албан ёсоор зарлалаа. Ийнхүү Америкийн оюутны спортын холбооны (NCAA) дээд лигт тоглох урилга гардаж авсан анхны монгол тамирчин нь Ш.Энхийн-Од болов.
Тэрбээр АНУ-д 2018 онд очиж, Зениагийн “Legacy Christian” багт (19 тоглолтод оролцохдоо 10.5 оноо) нэг улирал тоглож байгаад Калифорнийн “Prolific Prep” академийн багт хоёр улирал хүчин зүтгэсэн юм. Улмаар энэ оны наймдугаар сард ISA багтай нэгдсэн. Ш.Энхийн-Од мөн өнгөрсөн зун “Midwest bas¬ketball club”-ийн “Rich rolf”, “Centerville”-ийн “Gabe cupps” багийн төлөө тоглож байв.
“Өнгөрсөн жил Америкийн сагсан бөмбөгт суралцсан их өгөөжтэй үе байлаа. Сурч мэдсэндээ тулгуурлаад энэ жил улам сайн тоглохыг хичээнэ” хэмээн тэрбээр 2020 оны нэгдүгээр сард өгсөн ярилцлагадаа өгүүлж байв. Тухайн үед түүнд “Eastern Washington”-ий их сургуулиас л тэтгэлэг амласан аж.
Түүний хичээл зүтгэл талаар өнгөрсөнгүй, өнгөрсөн долдугаар сард “Rutgers”, есдүгээр сард “Providence”, мөн сарынхаа сүүлчээр Дэйтоны их сургуулиас тус тус тэтгэлгийн санал хүлээж авсан юм. Довтлогчийн байрлалд тоглодог түүнийг мэргэжилтнүүд олон талт тоглолттой хэмээн үнэлж буй. Финланд, бельги, канад, мали, англи тоглогчтой Дэйтоны их сургуулийн “Flyers” баг ийнхүү дахин нэг гадаад тамирчинтай боллоо.
Тус их сургуулиас NBA-д цөөнгүй тоглогч элссэнээс хамгийн өндөр амжилтад хүрсэн нь хоёр удаа NBA-ийн “Бүх оддын тоглолт”-д шалгаран оролцсон Ж.Паксон (1979-1990) юм. Өдгөө NBA-д тус сургуулийг төгсөгчдөөс О.Топпин (Нью-йорк никс) хамгийн амжилттай тоглож байна. Ташрамд дурдахад, Гавьяат тамирчин Ц.Шаравжамц 20 жилийн өмнө буюу 2001 оны арванхоёрдугаар сарын 30-нд “Харлем Глобетроттерс” багийн хамтаар өдгөө хүүгийнхээ сурч, тоглох Дэйтоны их сургуульд зочлон тоглож байжээ.