Төв аймгийн Баянчандмань сумын нутагт, Улаанбаатар хотоос 63 км-ийн зайд байрладаг Хээрийн зэрлэг амьтны хүрээлэн үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлжээ. Байгуулагдаад цөөнгүй жил болж буй тус хүрээлэн Дархан-Уул аймгийн чиглэлийн зам засварын ажил, цар тахал зэргээс болоод сүүлийн хоёр жил орчмын хугацаанд ажиллаагүй юм байна. Харин саяхнаас үүдээ нээж, үйл ажиллагаагаа жигдэлжээ.
Одоогоор нийслэлд тогтмол ажилладаг хоёр амьтны хүрээлэн бий. Нэг нь “Хүннү молл” худалдааны төв дэх “Харилцааны зоо парк”, нөгөөх нь Нарны гүүрний зүүн урд талд, “Алтай” хотхоны замын эсрэг талд байх “Улаанбаатар амьтны хүрээлэн”. Харин Улаанбаатар-Дархан-Уул чиглэлд зам дагуу байрлах эл амьтны хүрээлэн тэдгээрээс ихээхэн ялгаатай. Тэнд шилүүс, саарал чоно, хүрэн баавгай, улаан үнэг, талын бүргэд зэрэг хээрийн зэрлэг амьтан олон байдаг. Тиймээс олон улсын жишгийн дагуу тэдгээрийг гадаа байрлуулдаг аж. Бүгдийнх нь онцлогт тохируулан үүр засаж, амьдрах орчныг нь бэлджээ. Мөн ОХУ, Казахстанаас авчирсан сахилгагүй сармагчин, гурван метр урт аварга могой, ярьдаг тоть, Симбагийн найз Тимон буюу сукират, Африк үхэр, матар зэрэг ховор, сонин амьтан ч бий гэнэ. Ялгаатай нь тэд “байшин” дотор тухалдаг.
Уг хүрээлэнгийн бас нэг онцлог нь төөрсөн, бэртэж гэмтсэн амьтдыг асарч, хамгаалдаг юм байна. Эхээсээ төөрсөн бамбаруушийг нохдод бариулах гэж байхад нь энд авчирч, тойгложээ. Хөлөө гэмтээснээсээ болж хөдөлж чадахаа байсан шилүүсийг одоо ч асарч буй аж.
Хээрийн зэрлэг амьтны хүрээлэн удаан хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй учраас засвар, тохижилтын ажлыг хэсэгчилсэн байдлаар хийхээр төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан тасалбарынхаа үнийг 50 хувиар хөнгөлж, насанд хүрэгчдийг 8000, хүүхдийг 6000 төгрөгөөр нэвтрүүлж байна.