Монголын скаутын холбоо, “Дүдү” боловсролын сан, “Зайсан хилл” соёл, амралтын цогцолбор хамтран долоо хоног зохион байгуулахаар төлөвлөсөн “Дэлхийн сансрын долоо хоног Монголд” арга хэмжээ өчигдөр эхэллээ. Нээлтийн өдөр шинжлэх ухаан, танин мэдэхүйн олон сонирхолтой үйл ажиллагаа болсны нэг нь “Сансрын урлан” байв. Энэ нь хүүхдүүдийн оролцоотойгоор шинжлэх ухааны туршилт, сансрын холбогдолтой бүтээл хийлгэдэг явуулын урлан аж. Орчин үед эрчээ авч буй STEM хөтөлбөр буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн боловсролд суурилсан ур чадваруудыг хүүхэд, залууст эзэмшүүлэх, аливааг турших, зохион бүтээх, танин мэдэх хүсэл эрмэлзлийг өдөөх нь энэ урлангийн бас нэг зорилго гэнэ.
“Зайсан хилл” соёл, амралтын цогцолборын маркетингийн менежер Н.Отгонцэцэг “Хүүхдүүд өөрсдийн гараар ямар нэг зүйл хийх үедээ юмсын зүй тогтлыг ойлгож, мэдэрч, хөгжиж байдаг. Ялангуяа шинжлэх ухааны туршилт танин мэдэхүйд асар өндөр ач холбогдолтой. Энд ирсэн хүүхдүүд онгоц, нисдэг төхөөрөмж зэрэг сансрын холбогдолтой янз бүрийн зүйл зохион бүтээж, сонирхолтой туршилтуудыг хийж байна. Хүүхдийг шинжлэх ухаанд дурлуулахад хамгийн чухал нөлөөтэй хүчин зүйлийн нэн тэргүүнд сансар огторгуй, үлэг гүрвэл ордог. Дараа нь онгоц, автомашин, галт тэрэг багтдаг” гэв. Уг арга хэмжээ ирэх долоо хоногийн мягмар гараг хүртэл үргэлжлэх бөгөөд төлбөргүй гэдгээрээ онцлог. Хэрэв та хүүхдээ “Сансрын урлан”-д зочлуулахыг хүсвэл 10.00-20.00 цагт “Зайсан хилл”-ийг зориорой. Харин од эрхэс харуулах бол 20.00-22.00 цагт очих ёстой аж.