"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн үс, цуснаас нь хүнцэл, хар тугалга илэрсэн гэх асуудлаар эгч Б.Нарантуяа, Б.Ганхуягийн хүргэн ах Д.Пүрэвдорж зэрэг хүмүүс мэдээлэл хийж байна.
Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа "Миний дүү есөн сар хоригдож байна. Энэ оны есдүгээр сар хүртэл биеийн байдал нь хэвийн байсан. Ноцтой мэдээлэл хийснээс долоо хоногийн дараа бие нь муудаж эхэлсэн. Есдүгээр сарын 23-нд даралт нь ихсэж, бөөлжсөн. Улмаар тав хоног 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтсэн байдаг. Мөн Б.Ганхуяг долоо хоногийн өмнө "Сонгдо" эмнэлэгт дөрөв хоног хэвтсэн. Эрүүл ахуй, хор судлалын лабораторит өгсөн шинжилгээгээр маш ноцтой зүйл илэрсэн. Тодруулбал, Б.Ганхуягийн үснээс авсан шинжилгээгээр хүнцэл, хар тугалга хэт өндөр хэмжээтэй буюу 9.6 хувийн хүнцэл илэрсэн. Энэ нь үхлийн хэмжээтэй тун юм байна. Хүнцэл гэдэг нь химийн маш хүчтэй хор. Өөрөө эмчийн шинжилгээний дүнг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч эмнэлэг, эмчийн шинжилгээний дүгнэлтэд итгэх ёстой биз дээ. Миний дүүг хордуулсан гэж бид хардаж байна. Энэ хүний амыг хаах гэсэн бүлэглэл байна. Б.Ганхуягаар ерөөсөө үг хэлүүлэхгүй байгаа. Сонсголд оруулна гэсэн ч оруулсангүй. Б.Ганхуяг үхчихвэл хэргийн гол эзэд чимээгүй өнгөрнө гэж бодож байгаа байх. Бид өмнө нь Хүний эрхийн үндэсний комисст хандаж байсан. Энэ удаа олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандана" гэлээ.