Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-ыг танилцуулж байна. 12 жилийн хугацаанд аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг хийхэд ерөнхийдөө таван аймаг ээлж дараалан доогуур байр эзэлдэг аж. Сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гарсан аймгуудыг дурдвал Булган, Өмнөговь зэргийг нэрлэж болохоор байна. Гэхдээ аймгуудын өрсөлдөх чадварт бүсчилсэн хөгжил том хэмжээний нөлөө үзүүлэхгүй гэж харж байгаа юм.
Энэ удаагийн судалгааны үр дүнгээр Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлж, нэгдүгээрт бичигджээ. Уг судалгаа нь 21 аймгийн өрсөлдөх чадвар, хөгжлийн түвшнийг 181 үзүүлэлтийн дагуу цогц байдлаар судалж, хооронд нь харьцуулан гаргадаг юм.
Өнгөрсөн жилээс эхлэн уг судалгаанд "Орон нутгийн төсвийн ил тод байдлын үнэлгээ"-г нэмж, аймгуудыг таван шалгуурын дагуу үнэлж байна. Энэ жилийн хувьд Дархан-Уул, Дорнод, Дундговь, Өмнөговь аймгууд төсвийн ил тод байдлаар тэргүүлсэн буюу төсвийн мэдээлэл хамгийн нээлттэй аймгуудаар тодорсон байна.