Ханхүү Харри, Меган Маркл нарын “Archewell” буяны сан нь орлого, зарлага, бүртгэлийн хураамжийн жилийн тайланг гаргаж өгөөгүйн улмаас буяны болон хандив цуглуулах байгууллагуудын бүртгэлд найдваргүй хэмээн тооцжээ.
5-р сарын 3-нд АНУ-ын Калифорни мужийн Ерөнхий прокурор Роб Бонта тус санд албан ёсны захидал илгээж, зөрчлийн талаар мэдэгджээ. Захидалд дурдсанаар 2023 оны хоёрдугаар сараас хойш тус байгууллага бүртгэлийн хураамжийн талаар жилийн тайлангаа ирүүлээгүй тул бүртгэлийн “хугацаа хэтэрсэн” гэжээ.
Баримт бичигт мөн Сакссексийн гүн, гүнгийн авхай нарын буяны сан нь “сайн нэр төртэй бус” бөгөөд буяны мөнгө цуглуулах, хуваарилах үйл ажиллагаа явуулахыг хоригложээ.
Цаашид “Archewell” сан төлбөрийг хожимдуулсан тохиолдолд торгууль ногдуулж, ашгийн бус байгууллагын статусыг нь түдгэлзүүлж эсвэл цуцлах юм байна.
Гурван жилийн хугацаанд Archewell сан нь World Central Kitchen/ядуучуудад зориулсан нийтийн хоол/ байгууллагатай хамтарч, тэр дундаа 2021 оны газар хөдлөлтийн дараа Гаитийн ард иргэдэд хоол хүнсээр туслах, Афган эмэгтэйчүүдийн эмэгтэй", “40х40” зэрэг төслүүдийг эхлүүлэхээс гадна шилдэг залуучууд, боловсролын болон бусад байгууллагуудад санхүүгийн дэмжлэг үзүүлсээр иржээ.
Сассекскийн гүн болон гүнгийн авхай нар хааны гэр бүлийн гишүүний албаасаа татгалзан АНУ руу нүүснийхээ дараахан “Archewell Inc” компанийг 2020 оны 10-р сард байгуулжээ. Тус компанид ашгийн бус Archewell сан, түүнчлэн арилжааны медиа үйлдвэрлэлийн бизнесүүд болох Archewell Audio болон Archewell Productions компаниуд багтдаг аж.
2022 онд Archewell Productions компани Netflix-д зориулсан “Invictus Hearts”/шантрашгүй зүрх/, “Living to Lead”/удирдагч байхын төлөө амьдрах/, “Harry and Meghan”/Харри, Меган хоёр/ зэрэг олон ангит төслүүдэд оролцсон байна. Өнгөрсөн сард “Хоол хийх, цэцэрлэгжүүлэлт, зугаа цэнгэл, нөхөрлөлийн энгийн баяр баясгалан” болон хунтайж Харригийн дуртай спортын нэг болох пологийн тухай хоёр шинэ кино хийхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн оны 3-р сард тус сангийн татварын тайланг олон нийтэд зарласан бөгөөд 2021 онд тус сан 3 сая долларын буцалтгүй тусламж тарааж, 13 сая долларын дэмжлэг авсан байна.
The Daily Mail сонины бичиж буйгаар 13 сая долларын 10 сая нь хосуудын 2021 онд Америкийн телевизийн хөтлөгч Опра Уинфритэй хийсэн ярилцлагын төлбөр бол үлдсэн 3 сая нь хунтайжийн "Нөөцийн" дурсамж номных нь урьдчилгаа болгон хэвлэлийн газраас хандивласан бололтой.