Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 10.2, өнгөрөгч сарынхаас 1.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Хуучин орон сууцын нэг ам.метр талбайн дундаж үнэ 3.8, шинийнх нь 4.03 саяд хүрсэн нь 2023 оны дөрөвдүгээр сарынхаас 10.1-10.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Шинэ орон сууц Хан-Уул дүүрэгт хамгийн үнэтэй буюу ам метрийнх нь ханш 4.3 сая байсан бол Баянголд 4.04, Сүхбаатарт 3.9, Баянзүрхэд 3.6, Чингэлтэйд 3.4, Сонгинохайрханд 2.7 саяд хүрчээ. Харин хуучин орон сууцыг Сүхбаатар дүүрэгт ам метрийг нь 4.5, Чингэлтэй, Хан-Уулд 4.3, Баянзүрхэд 3.4, Баянголд 3.2, Сонгинохайрханд 2.6 сая төгрөгөөр үнэлэн борлуулж байсан гэнэ.