Манай улс зөгийн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор Японы ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “BeeDep-1, 2” төслийг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлжээ. Тэгвэл энэхүү төслийг үргэлжлүүлэхээр болсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Үүний хүрээнд төслийн удирдагч Акиёо Нишияама, мэргэжилтэн Майко Мори нарыг салбарын яамныхан хүлээн авч уулзан, 2025-2027 онд хэрэгжүүлэх ажлын онцлог, үр өгөөжийн талаар санал солилцсон байна. Тодруулбал, төслийн багийнхан “BeeDep-3” буюу “Зах зээлийн баримжаатай зөгийн аж ахуйг хөгжүүлэх” төслийг Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймагт хэрэгжүүлэхээр болжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төвийн захирал Б.Батхүү “Төслийн хүрээнд гурван аймгийн зөгийчдийг чадавхжуулах, зөгийн балны зах зээлийн эрэлт, хэрэгцээнд дүн шинжилгээ хийх, бал үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх замаар борлуулалтыг нэмэгдүүлнэ” гэсэн юм.
О.Оргилох