ХХААХҮЯ-наас “Гэрээт тэжээл” төслийг хэрэгжүүлж эхэлснийг өнгөрсөн баасан гарагт мэдээлэв. Төслийг Монголын тариаланчдын үндэсний болон Монголын сүүний нэгдсэн холбоо, “Сүү” ХК-ийнхан хамтран хэрэгжүүлэх бөгөөд гурвалсан талын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Сүүний ферм эрхлэгчдийн олонх нь өвөл, хаврын цагт малынхаа тэжээл, хивэг, овьёосыг импортолдог байна. Тэгвэл “Гэрээт тэжээл” нь сүүний үйлдвэрлэлийг дэмжих, тэжээлийн хангамжийг тогтворжуулах, импортыг бууруулах, малчид, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийг сэргээх олон талын ач холбогдолтойг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон. Талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн баталгаат худалдан авалтыг дэмжих уг төслийн хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний аж ахуй эрхлэгчид ч шаардлагатай тэжээлээ найдвартай, тогтвортой үнээр авах боломж бүрдэх гэнэ.
Хамгийн гол нь тариаланчид тэжээлээ тогтмол борлуулах байнгын худалдан авагч нартай болж, улмаар сүүний салбарын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хэллээ.
М.Гэгээ