Оросын цэргүүд дайсныг ар талаас нь довтлохын тулд 1.4 метр диаметртэй хий дамжуулах хоолойгоор 15 км гүйлт хийн байлдааны гайхалтай маневр хийжээ. Энэхүү ажиллагаа нь Курск мужийн газар нутгийг чөлөөлөх гол мөч болов.
Оросын армийн хэд хэдэн анги нэгтгэлийн шилдэг бэлтгэгдсэн 800 дайчид 15 км урт хоолойг туулахад 2 хоног зарцуулж, дөрвөн өдөр довтлох дохиог хүлээн нийт зургаан өдөр хортой ууршлаар дүүрсэн хийн хоолойд өнгөрүүлжээ.
Хий дамжуулах хоолойн энэ хэсэгт газар доогуур тавигдсан байсан бөгөөд минатай талбай, бэхлэлтийн доогуур нь оросын цэргүүд ойртож байгааг украйнчууд анзаараагүй байна. Энэ үеэр Оросын нисэх хүчин идэвхтэй ажиллаж, гүүрэн гарцыг цэвэрлэж байжээ.
"Энэ байлдааны ажиллагаанд эргэж ирэхгүй байх магадлалтай гэдгийг бид ойлгож байсан.Хорт ууршилд бүгд хордсон, тулалдаанд ч цөөнгүй нас барлаа. Гэсэн ч бид даалгавараа биелүүлэв. Дайсныг Курск мужаас хөөн зайлуулав” гэж ажиллагаанд оролцогчид ярьсныг эх сурвалжууд уламжилж байна.
Курск мужийн захирагч Александр Хинштейн энэ талаар “Оросын Зэвсэгт хүчин дайсны дрон, мина, техник хэрэгслийг тойрч гарахын тулд өмнө нь Оросоос Украины нутгаар дамжин Европ руу хий нийлүүлдэг байсан хоолойг ашигласан. Тэр хоолойгоор бүтэн биеэр цэх шулуун алхах боломжгүй, бөгтийж л явна. Дээрээс нь зэвсэг, байлдааны хувцастай, хийн хорт ууршлаас хамгаалах хэрэгсэлтэй 15 км алхахдаа алхаж, гүйхдээ гүйнэ гэдэг төсөөлөхөд бэрх. Өнгөрсөн нэгдүгээр сарын 1 хүртэл энэ хоолойгоор хий дамжуулж байсан шүү дээ” гэж цахим хуудастаа бичжээ.
Курск мужийн Суджигийн ойролцоо болсон энэхүү байлдааны ажиллагаа нь түүхэнд үлдэх нь дамжиггүй гэж цэргийн мэргэжилтнүүд үзэж байна.