ОХУ-ын Cаха улсад зохион байгуулсан, олимпын аварга Роман Дмитриевийн нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын олон улсын тэмцээнд Монголын тамирчид дасгалжуулагч Х.Магвандорж, Л.Энхбаяр, Т.Мөнгөншагай нарын удирдлагад оролцлоо. Эмэгтэйчүүдээс 65 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Н.Нархажид мөнгө, “Төв арж” клубийн Э.Одгэрэл хүрэл медаль хүртэв. Тэгвэл хүнд жин болох 76 кг-д “Хантайшир” дэвжээнийхнээс Т.Түвшинжаргал дээрх тэмцээний аваргаар тодорсон юм. Эрэгтэйчүүдээс 74 кг-д хүч сорьсон Б.Ган-Эрдэнэ (73 дугаар сургууль), 86 кг-д Б.Данзанравжаа (“Төгс” дэвжээ) нар хүрэл, Э.Баярбаатар мөнгө (“Алдар” спорт хороо) 79 кг-д Я.Ерөөлт (“Төгс” дэвжээ) хүрэл медаль гардсан байна. Энэ удаа албан ёсны төлөөлөгчөөр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр ажиллаж, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар тэмцээнийг дэнсэлжээ.
Ташрамд дуулгахад, эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан Йордан улсын Амман хотод энэ сарын 25-31-нд болох Азийн АШТ-д зодоглохоор ӨМӨЗО-ы Хөх хотод нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байна.