Өмнөговь аймгийн Ханбогд сумыг говийн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зорилгоор орон нутгаас нь өнгөрсөн онд Дэмчогийн хийд рүү эрчим хүчний шугам сүлжээ татаж, хатуу хучилттай зам тавьсан билээ. Тэгвэл энэ онд тус сумд Галбын говийн тэмээн соёлыг сурталчлах, улсын зэрэглэлтэй музей байгуулахаар төлөвлөжээ. Музейн барилгын шавыг уржигдар тавьсан байна.
Ханбогд нь Монголын хамгийн олон тэмээтэй сумд тооцогддог. Тэр дундаа Галбын улаан тэмээгээрээ алдартай бөгөөд жил бүрийн нэгдүгээр сард “Галбын говийн улаан тэмээ” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тус сум 29 мянга гаруй тэмээ тоолуулжээ. Тиймээс нутаг орныхоо онцлог, өв соёлыг сурталчлан таниулж, аялал жуулчлалын брэнд бий болгох зорилгоор ийм санаачилга гаргасан аж.
Музейн барилга гурван давхар, 3600 ам метр талбайтай байх гэнэ. “Галбын говийн тэмээн соёл”, “Галбын говийн байгалийн гайхамшиг”, “Үнэт соёлын өв” гэсэн сэдвийн хүрээнд үзүүллэгийн дөрвөн үндсэн танхимтай байгуулахаар төлөвлөсөн байна.
Ж.Сувд