25 дахь удаагийн “Морин хуур” наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Чулуунаас наадмын талаар тодрууллаа.
-“Морин хуур” наадмын нэгдүгээр шатанд хэдэн бүтээл өрсөлдөв?
-“Морин хуур” наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 28-29-нд боллоо. Өмнөх жилүүдэд 60-аад уран бүтээлчийн 80 орчим бүтээл өрсөлддөг байсан бол энэ жил 80 уран бүтээлчийн 106 бүтээл нэгдүгээр шатанд уралдлаа. Энэ бол “Морин хуур” наадам эрийн цээнд хүрч, цар хүрээ нь өргөжиж буйн илрэл.
-Үүнээс хэд нь дараагийн шатанд тунаж үлдэв?
-29 бүтээл шалгарч үлдлээ. Дараагийн шатны шалгаруулалт ирэх сарын 12-нд Улсын филармонид болно. Энэ жилийн “Морин хуур”-т ахмад хөгжмийн зохиолчид идэвхтэй оролцож, дуу нь дээгүүр давхиж байна. Тухайлбал, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн “Суварга хайрхан”, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Жамъянгийн “Шувууд буцсан намар”, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөрийн “Хаврын шувууд ирлээ” зэрэг дуунууд хоёрдугаар шатанд шалгарсан. Мөн рок попынхон идэвхтэй оролцлоо. Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, С.Гантөр нарын дуунууд хоёрдугаар шатанд тунаж үлдсэн.
-Шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс байгаа вэ?
-Ардын жүжигчин П.Хаянхярваа, хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбат, Д.Алтантуул, хөгжим судлаач Р.Ганбаатар, яруу найрагч А.Эрдэнэ-Очир нар шүүж байгаа. Шалгаруулалтын үед ажиглаж байхад нэг бодууштай зүйл байна. Мэргэжлийн дууг тусад нь ялгаж уралдуулж баймаар юм байна. Тэгэхгүй бол мэргэжлийн түвшинд зохиосон, ур чадвар шаардсан дууг шүүгчид сайн дуу гэж үнэлэхээр сонсогчид санал зөрөх тохиолдол байдаг.
Х.УЯНГА