Өнгөрсөн жил Монгол Улсад танхимын сургалтаар мэргэжлийн ятгач бэлтгэж эхэлсний 50 жилийн ойг тэмдэглэж, монголчуудын ятга хөгжмийн уламжлал, түүхийг судлах, ятгачдын ур чадварын асуудалд анхаарал хандуулах зорилготой Монголын ятгын холбоог байгуулсан. Уг холбооны тэргүүн Н.Зоригтбаатар санаачлан ятгын чуулга байгуулжээ.
Н.Зоригтбаатар “Нэгэн үе УАДБЧ-ын ятгын дөрвөл үзэгч, сонсогчдын талархлыг хүлээж байлаа. Түүнээс хойш ятга хөгжимтэй дуулдаг дуучин олон болсон. Харин сүүлийн үед энэ уламжлал үгүй болж буйд харамсаж, ятга хөгжмийг илүү дэлгэрүүлэхийг хүсэж байна. Морин хуурыг айл бүр гэртээ залж, Төрийн ордонд Хан хуурыг дээдэлсэн. Монголын хөгжмийн түүхэнд томоохон байр суурь эзэлдгийнх нь хувьд ятгыг Хатан ятга хэмээн өргөмжлөхөд болохгүй зүйлгүй мэт санагддаг” хэмээв.
А.АМИНА