Хөгжмийн ертөнцийн түүхэн дэх хамгийн том үйл явдал Лондоны олимпийн үеэр болно. Зохион байгуулагчид олимпийн тоглолтын үеэр үдэш бүр буюу 12 шөнө “Rolling Stones”, Рол Макартни, Мадонна тэргүүтэй супер оддыг оролцуулсан жүжигчилсэн тоглолт хийхээр төлөвлөж байна.
Лондоны олимпийн үеэр болох шоу тоглолтыг хөгжмийн ертөнцийн түүхэн дэх хамгийн том, дахин давтагдашгүй үйл явдал болгохын тулд “Pink Floyd”, “Take That, “Spice Girls” , “Led Zeppelin” зэрэг хамтлагийг нэгэн тайзнаа гаргаж, Стив Уондер, Жэй Зэт нарыг татан оролцуулахаар хэлэлцээр хийж буй талаар “The People” мэдээлжээ. Спортын тоглолтууд болон задгай талбайн шоу тоглолтууд болдгоороо алдартай “Hyde Park” болон “Victoria Park”-т болох уг шоуны тасалбар нэг саяас илүү хувь борлогдоно гэж зохион байгуулагчид үзэж буй.
“Энд асар том шоу тоглолт болно. Энэ шоу бүх цаг үеийн хамгийн том хөгжимт жүжиг болох нь эргэлзээгүй. Энд уригдсан оддоос дэлхийн рок хөгжмийн урсгалд шинэ дүр төрх бий болгосон алдарт хард рок хамтлаг “Led Zeppelin” хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байгаа. Тэднийг цуглуулж чадвал Лондоны олимп болон энэ шоу тоглолтын маш том амжилт болно. “Pink Floyd” болон бусад хамтлаг дуучид энэ том үйл хэргийг хамтдаа бүтээнэ гэдэгт найдаж байна.
Дэлхийн бүх уран бүтээлчид олимпийн наадмыг үзэж, хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны үйлсэд нэгдээсэй” гэж “The People”-д бичжээ. Английн олимпийн хорооны удирдлага энэ шоунд ихээхэн анхаарал хандуулж буй бөгөөд тоглолтыг тухайн үед нь дэлхий дахинд шууд дамжуулах аж. Тоглолтын ашгийг халамжийн төвүүдэд хандивлана.
Х.УЯНГА