УИХ-аас 1996 онд гаргасан “Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг батлах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2008 оны тавдугаар сарын 28-нд 195 дугаар тогтоол гаргаж, “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ыг хавсралтаар баталсан билээ. Энэ журмаар бол жил бүрийн нэгдүгээр сарын 31-ний дотор өмнөх оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах ёстой. Гэтэл өнгөрсөн оны шилдэг уран бүтээлчдийг заасан хугацаанд шалгаруулсангүй. Энэ талаар БСШУЯ-ны Соёл урлагийн газраас лавлахад “Хариуцсан мэргэжилтэн болон манай газрын дарга гадаадад яваа. Шилдэг уран бүтээлчид тодроогүй байгаа” гэв.
Энэ жилийн “Мөнгөн мод”-од “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч”, “Тайз дэлгэцийн шилдэг зураач”, “Тайз дэлгэцийн шилдэг жүжигчин”, “Шилдэг бүжигчин”, “Шилдэг хөгжимчин”, “Шилдэг дуучин”, “Шилдэг утга соёлын өвийг эзэмшигч” зэрэг номинацид 21 уран бүтээлч нэр дэвшиж, Ё.Отгонбаяр сайдын тушаалаар байгуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй комисс БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газарт ирүүлсэн уран бүтээлчдийн материалтай танилцаж дууссан аж.
Х.Уянга