Тажикистаны Душанбе хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар нарын удирдлагад зодоглож, 27 улсын 226 жүдочтой өрсөлдсөн. Тэднээс эмэгтэйчүүдийн хөнгөн жин болох 48 кг-д өсвөр үеийнхний ДАШТ-ий мөнгө, Европын цуврал тэмцээний хошой аварга, “Женко” клубийн Ж.Анударь Туркменистаны Л.Желдиеваг үндсэн цагт даралтаар цэвэр ялж, Узбекистаны У.Хакимоваг юүкогоор буулган авч тэмцээнээ үргэлжлүүлсэн. Тэрбээр хагас шигшээд өөрөөсөө 14 насаар эгч Европын АШТ-ий хүрэл медальт, Францын тамирчин М.Клемент, алтан медалийн төлөө өмнөд хөршийн Жуан Веннаг илүүрхэж, аваргаар анх удаа тодров. Тэрбээр өмнө нь 2023 онд болсон Улаанбаатар, 2024 онд Токио, 2025 онд Парис, Тбилисийн “Их дуулга”-д хүч сорьж, медалиас атгаад алдсан бол энэ удаа зорилгоо биелүүлж, шагналын тавцанд зогссон юм. Түүний амжилтыг түүчээлж, хоёр дахь өдрийн барилдаанд 63 кг-ын жинд Азийн аварга, Дюссельдорф, Екатеринбург, Парисын “Их дуулга”-ын хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Ганхайч аваргын төлөө Францын Мелкиа Аучекорныг цэвэр хожиж түрүүллээ. Душанбегийн дэвжээнд ийн тэргүүлсэн нь түүний хувьд тус ангилалд гардсан зургаа дахь медаль. Тэгвэл эрэгтэйчүүдээс эхний өдөр 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Ариунболд БНХАУ-ын Ван Юантаог хоёр вазари, Фран-цын М.Максимег цэвэр ялаад, хагас шигшээд шалгарсан. Европын АШТ-ий мөнгөн медальт, Азербайжаны Б.Агаевт юүкогоор ялагдан, хүрэл медалийн төлөө Узбекистаны А.Мисировыг иппоноор буулган авч “Их дуулга”-аас хоёр дахь медалиа зүүв. Дараа өдрийн барилдаанд “Улаанбаатар их дуулга”-ын хүрэл медальт, “Хилчин” спортын хорооны тамирчин, ОУХМ Б.Эрдэнэбаяр түрүү байрын төлөө Тажикистаны Мухиддин Асадуллоевтай өрсөлдөж, үзүүрлэснээр “Их дуулга”-ын иж бүрэн медальтан болж байна. Манайхан энэ удаа хоёр алт, тус бүр нэг мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаар Тажикистан, Францын тамирчдын ард жагслаа.