БЛИЦ
Төрсөн өдөр: Хоёрдугаар сарын 02
Анхны уран бүтээл: “Sweet girl”
Гэр бүл: Эхнэр, хоёр охин
Өмсөх дургүй хувцас: Мөрөвчтэй өмд
Төгссөн сургууль: 28-р дунд сургууль, “Улаанбаатар” их сургууль
Анхны үерхэл: Есдүгээр ангидаа ангийнхаа охинтой
Ганцаардсан үедээ: Хөгжим сонсож, ирээдүйгээ төлөвлөдөг.
Хувцасны хэмжээ: М
Гутлын хэмжээ: 40
Facebook: bxsinger Twitter: duuchin BX
Бүрх малгай, том хар шил, цагаан хослолоор имижээ бүрдүүлж, этгээд элдэв маягийн бүжгийн хөдөлгөөнөөр олны нүдэнд шууд туссан энэ хүн бол дуучин BX. Эцэг эхээс хайрласан нэр нь Батбаатар. Харин хүмүүс түүнийг BX л гэж дуудна. R&B урсгалаар уран бүтээлээ туурвиж олонд танигдсан дуучин залуу өнгөрсөн хугацаанд хэр өсөж, дэвжсэнээ тайлагнахаар шийджээ.
Цоо шинэ өнгө төрх, хэв маяг, стиль имижээр богино хугацаанд залуусын танил болсон дуучин ВХ энэ сарын 2-3-нд хоёр дахь бие даасан тоглолтоо хийх нь. “Who is BX” буюу “ВХ гэж хэн бэ” тоглолтод түүний уран бүтээл хийж эхэлснээсээ хойш өнөөг хүртэл дуулсан бүх хит дуу эгшиглэнэ. Тухайлбал, “My love”, “Чи хөөрхөн”, “Sorrow”, “Ийм нэгэн дурлал”, “Бидний араншин”, “Саак”, “Хэв маягаа эвдэцгээе” зэрэг дууныхаа хөгжмийн найруулгыг шинэчилж, амьд хөгжимтэй дуулахаар бэлдэж байгаа гэнэ.
Мөн түүний уран бүтээлийн анд Эгшиглэн, Маралжингоо, Quiza, “Ice top” хамтлагийнхан ая дуугаа өргөнө. “Стар дэнс” бүжгийн хамтлаг цэнгээнт бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ВХ-ийн “Sorrow”, “My love” дууны аянд бүжиглэж, аравдугаар байр эзэлсэн аж. Тэд дэлхийн аваргын тайзнаа бүжиглэсэн бүжгээрээ “Who is BX”-д бэлэг барина.
Х.УЯНГА