Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан дасгалжуулагч Д.Гомбодорж, Ж.Чулуунбат, Г.Амархүү нарын удирдлагад Дагестан улсад хамтарсан бэлтгэл хийхээр өнгөрсөн сарын 28-нд зорьсон. Тэнд манайхан 21 хоног бэлтгэл хийх хугацаанд тус улсын тамирчин, дэлхийн таван удаагийн аварга Али Алиевийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцох юм. Монголын чөлөөт бөхийн холбоо ОХУ-ын бөхийн холбооны ерөнхийлөгч М.Мамиашвилитэй холбоо тогтоож, холбооны дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд Дагестаны шигшээ багийн дасгалжуулагчтай яриа хэлцэл өрнүүлсний үр дүнд хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Тэд эх орондоо энэ сарын 21-нд ирж, 29-нөөс зургаадугаар сарын 1-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулах чансааны оноо олгох олон улсын тэмцээнд хүч сорино. Эмэгтэйчүүдийн багаас зургаан тамирчин, нэг дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй БНСУ-д энэ сарын 18 хүртэл хамтарсан бэлтгэл хийхээр болсон. Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр Йорданд өнгөрсөн сард болсон Азийн АШТ-ий үеэр БНСУ-ын бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жан Жин Сеоктой уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцахдаа хамтарсан бэлтгэл хийх тухай өгүүлжээ.