Овог, нэр: Чой Сүнхёон
Төрсөн он, сар, өдөр: 1987.11.04
Биеийн өндөр: 180 см
Биеийн жин: 65 кг
Цусны бүлэг: В
Цахим хуудас: http://www.ygfamily.com
http://www.ygbigbang.com
http://www.ygbigbang.com/gdtop/
Их тэсрэлтийг бэлгэдэн хамтлагаа “Big bang” хэмээн нэрлэж, дэлхийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалахаар зориглосон БНСУ-ын хөвгүүдийн хамтлаг Азийн орнуудад хэдийнэ амжилт олоод буй. Тус хамтлагийн гишүүн T.O.P буюу Чой Сүнхёоныг Монголд ирэх гэж байгаа, тэр ч байтугай өнөөдөр “UB palace”-т болох “Who’s BX” тоглолтод оролцоно гэх бор шувуу нисэх боллоо. Энэ талаар тодруулахаар тоглолтыг зохион байгуулж буй “On & Off” продакшны найруулагч С.Ононбаттай холбогдоход “Тэр талаарх мэдээллийг хэн нь нийтэд зарлачихдаг байна аа. T.O.P-ыг Монголд урьсан нь үнэн. Түүний ирэх эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байна. Бид шөнөжин энэ асуудлыг шийдэхээр ажиллалаа. Өнөө орой /өчигдөр/ эцсийн хариу гарчих болов уу гэж бодож байна” хэмээлээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Who is BX” тоглолтын найруулагч дуучин T.O.P-ыг хоёр ч дуу дуулуулахаар
төлөвлөж байгаа аж. Хэрэв эл төлөвлөгөө бүтвэл T.O.P Азийн залуусын дунд хит болсон “Haru haru” болон BX-ийн “Sorrow” дууг хамтран дуулах гэнэ. Багаасаа дуу хөгжимд дуртай байсан Сүнхёон “YG Entertainment” рекордсыг хөвгүүдийн хамтлаг байгуулах гэж буйг сонсоод шалгаруулалтад оролцсон боловч тэнцээгүй гэдэг. “YG Entertainment”-ийнхан түүнийг махлаг учир залуусын шүтээн болоход тохиромжгүй хэмээсэн байна.
Хожим нь энэ тухайгаа “Гэсэн ч би шантралгүй “YG Entertainment”-ийн уран бүтээлч болох хүсэлдээ хөтлөгдөн харьмагцаа дасгал хийж эхэлсэн” хэмээн дурссан байдаг. Эхний шалгаруулалтаас хагас жилийн дараа тэр дахин шалгуулж, хамтлагийн бүрэлдэхүүнд багтсан бөгөөд спортоор уйгагүй хичээллэсний дүнд 40 хоногт 20 кг жин хассан гэдэг.
Дуучин T.O.P хөгжмийн ертөнц төдийгүй кино урлагт ч багагүй амжилт гаргаад буй. Дэлгэцнээ 2007 онд гарсан “Миний нэр Сэм” кинонд тоглон кино урлагт хөл тавьж, удалгүй “19”, “Солонгон бүрхэвч”, “Гэр бүлийн зугаалга”, “Шуур ган дундах 71” зэрэг хэд хэдэн кинонд тогложээ. Солонгосын дайнд оролцсон 71 оюутан залууд тохиолдсон бодит явдлаас сэдэвлэсэн “Шуурган дундах 71” киноны О Жанбумын дүрээр Солонгос болон Азийн кино наадмуудад шилдэг залуу жүжигчин, үзэгчдийн таашаалд нийцсэн жүжигчин зэрэг 10 төрөлд нэр дэвшиж, долоон шагнал хүртсэн байна.
О.УНДАРМАА