Гадаадад суралцах тэтгэлэгт хамрагдах боломж суралцах чадвар болон сурлагын түвшингээр хязгаарлагддаггүйг хачирхалтай гэж хэлж болмоор тэтгэлгүүд батална. Тухайлбал “The Billy Barty” сан 4,1 фут буюу 125 см-ээс намхан хүнийг тэтгэлэгт хамруулдаг. “The Billy Barty” сангийн тэргүүн асан Улиам Жон Бертанзети “Mickey McGuire” богино хошин цувралаараа нэрд гарсан нэгэн бөгөөд 3,9 фут буюу 114 см өндөртэй байжээ. Тэрбээр өөр шигээ одой хүмүүст сурах хүслийг нь дэмжихийн тулд энэ тэтгэлгийг олгодог байна.
ӨНДӨР
Үүнээс гадна хэт өндөр хүмүүст зориулсан олон улсын тэтгэлэг бий. “TCI Student” нэртэй энэ тэтгэлэгт 21-ээс доош насныхан оролцох боломжтой. Өндрийн хувьд эрэгтэйчүүд 188 см-ээс дээш, эмэгтэйчүүд 186 смээс дээш өндөртэй байхад л энэ тэтгэлэгт хамрагдах үүд хаалга нээлттэй. Харин энэ тэтгэлэгт хамрагдахын тулд “Хэрхэн өндөр болох вэ” сэдвийн дор эсээ бичих ёстой бөгөөд 1000 долларын тэтгэлэг авна.
СОЛГОЙ
Хэрэв солгой гараараа бичдэг бол Пинселванияд орших “Juniata” коллежид бүртгүүлэн, өргөдөл гаргаж үзээрэй. Мэдээж таны өргөдөл тэдний тавьсан шаардлагад нийцвэл 1000 долларын тэтгэлэгт хамрагдах боломжтой. Сонирхуулахад Америкийн хүн амын 10 хувийг солгой гартнууд эзэлдэг тул энэ нь гоц үзэгдэлд тооцдог байна. Альберт Эйнштейн, Билл Клинтон, Роналд Рейган зэрэг олон алдартан солгой гартай байсан шүү дээ.
Т.НИПОНЬ