Амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлсэн хөгжмийн гайхамшигт бүтээл гэж үнэлэгддэг Арам Ильич Хачатуряны “Спартак” балетыг соёл урлагийг дэмжих “Төгөлдөр” сангийн санхүүжилтээр ДБЭТ-ын хамт олон сэргээн тавьж байна.
Уг бүтээлийг гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг найруулж, удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, ерөнхий зураачаар ардын зураач Ч.Гунгаасүх хувцасны зураачаар Г.Оюун, дасгалжуулагч багшаар ардын жүжигчин О.Ганбаатар, соёлын тэргүүний ажилтан Ш.Оюунтуяа, Л.Баттөр нар ажиллаж байна. Балетын гол дүрд соёлын тэргүүний ажилтан Г.Цолмон, Б.Саруул, Ч.Ганчимэг, Т.Батчимэг, М.Од, О.Ганцоож нар бүжих аж. Домогт “Спартак” энэ сарын 18-19-нд үзэгчдэд хүрнэ.
Энэ бүжгэн жүжгийг хөдөлмөрийн баатар, балетмейстер Б.Жамъяндагва, ардын зураач Ч.Гунгаасүх, төрийн шагналт, удирдаач Ж.Чулуун нар Монголын тайзнаа 1984 онд анх тавьсан бөгөөд тухайн үед О.Ганбаатар, О.Батсайхан, Д.Батх үрэл, С.Отгонням, Ч.Энх-Амгалан, Ю.Оюун, Ж.Цэцгээ, Х.Гэрэлчимэг, Н.Эрдэнэцэцэг нар гол дүрүүдийг бүтээж байжээ. А.И.Хачатурян ХХ зууны шилдэг балетын жагсаалтад багтсан уг бүтээлийн хөгжмийн зохиолоороо Төрийн соёрхол хүртэж байв.