
Монакогийн вант улсын Монте-Карло хотод болсон олон улсын циркчдийн 36 дугаар их наадамд монголчууд оролцож байгаа сургаар youtube сайтаар эл наадмыг амьсгаа даран үзэж суусан монголчуудын нэг нь би. Циркийн урлагийн хамгийн том тайзнаас үзэгчдийг алмайруулж дөнгөсөн монгол циркчид маань “Хүрэл алиалагч” болон цомын эзэд болсон нь үнэхээр бахархмаар үйл явдал билээ. 15 орноос гуравдугаар байрт шалгарна гэдэг мэдээж өндөр үзүүлэлт.
Монгол цирк дэлхийд үнэмлэхүй хэмжээнд байгааг сануулсан “Circus Mongolia Khadgaa” циркийн жүжигчдэд баяр хүргэж, алга ташмаар байна. Мөн арын албанд ажилласан 80 хүнд ч гэсэн баярлалаа. 1974 онд Монакогийн вангийн зарилгаар зохиогдож эхэлсэн энэ наадмын тайз үе үеийн циркчдийн мөрөөдөл билээ. Энэ өндөр тайзны эрхэм шүүгчид манай циркчдийн акробат, хүч тамирын гайхамшиг, уран нугаралт хосолсон тоглолтыг ихэд таашааж байсан.
Гэхдээ манайхан циркийн үзүүлбэрээс гадна хөөмий, морин төвөргөөн, морин хуур, зэрэг язгуур урлагийг тоглолтдоо хоршуулж байсан нь маш оновчтой шийдэл байсныг хэлэх хэрэгтэй. “Circus Mongolia Khadgaa” циркийнхэн энэ амжилтаасаа гадна язгуур урлагийн олон төрл өө дэлхийд сурталчилсан гэдэгтээ ол зуурхаж байсан шүү. Сонирхуулахад 1986 онд манай уран нугараач Я.Оюунчимэг, Э.Эрдэнэтуяа нар тус тэмцээнээс мөнгөн цом авч, 2010 онд есөн хос нугаралтаар хүрэл цом хүртэж байжээ.