Монголын боксын үндэсний шигшээ багийнхан Гавьяат дасгалжуулагч Ж.Энхтөрийн удирдлагад Европын цуврал тэмцээнд оролцож буй.
Тэдний эхний тэмцээн болох Польшийн Варшав хотод өнгөрсөн сарын 11-17-нд зохион байгуулсан “Дэлхийн цом”-д 22 орны 250 гаруй тамирчинтай өрсөлдсөн. Тус тэмцээнээс ОУХМ А.Баттулга, Х.Билгүүнсайхан, М.Энхжаргал нар мөнгө, Г.Лундаа, Б.Мишээлт хүрэл медаль хүртэн багийн дүнгээр V байр эзэлснийг бид өмнө мэдээлсэн билээ. Хоёр дахь цуврал эхлэхийн өмнөхөн ХБНГУ-ын Хайделбер дэх бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан бэлтгэлд оролцож, Нидерландын Эйндховен хотод энэ сарын 4-9- нд болсон “Дэлхийн цом”-д 28 орны 350 гаруй тамирчин тулалдсан. Дээрх тэмцээнд манай багаас Э.Номундарь, Б.Мөнгөнсаран, О.Есүгэн, эрэгтэйчүүдээс Т.Энхтөр нар алт, М.Энхжаргал, А.Баттулга мөнгө, Э.Мичидмаа хүрэл медаль гардсанаар багийн дүнгээр дэд байрт шалгарчээ. Тэгвэл гурав дахь цуврал нь Чехийн Усты Над Лабем хотод энэ сарын 10-нд эхэлсэн. Дөрөв хоног үргэлжлэх тус тэмцээний аваргууд амралтын өдөр тодорно.