6-р сарын 9-10 өдрүүдэд Лондонд АНУ, БНХАУ-ын хоёр дахь шатны хэлэлцээ болж өндөрлөв.
"Женевийн зөвшилцөл"-ийг хэрэгжүүлэх хүрээнд болсон уг уулзалтыг "Талууд мэргэжлийн, оновчтой, гүн гүнзгий, илэн далангүй ярилцжээ" БНХАУ-ын удалдааны яамны сайд Ли Ченган дүгнэжээ.
Хятад, Америкийн төлөөлөгчид худалдааны харилцааны салбарт тодорхой буултууд хийж чадсан байна.
Уулзалтын үр дүнд АНУ-ын аж үйлдвэрт нэн ач холбогдолтой нөөц болох газрын ховор металлын өмнө нь хязгаарлагдмал байсан хүртээмжийг Америкийн талд нээлттэй болгоно гэж Бээжин амлав.
Үүний хариуд Вашингтон сүүлийн саруудад БНХАУ-ын чипний үйлдвэрлэлд саад учруулж байсан өндөр технологийн экспортын хязгаарлалтын заримыг хөнгөвчлөхийг зөвшөөрчээ.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлснээр, Хятад оюутнуудыг Америкийн их дээд сургуульд суралцахыг АНУ дахин зөвшөөрөх болов. Тэрээр цааш нь хэлэхдээ, одоо Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах Америкийн гаалийн татвар 145-аас 55% болж, Хятадын Америкийн бараанд ногдуулах татвар 125-аас 10 хувь болгохоор тохирсон байна.
АНУ 2025 оны хоёрдугаар сараас Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын дундуур гэхэд 145 хувьд хүрчээ. Бээжин үүний хариуд АНУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 125% хүртэл нэмэгдүүлсэн юм.
АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээр тавдугаар сараас эхлэн үргэлжилж байна. Женевт болсон эхний шатны хэлэлцээний дараа АНУ 145%-иас 30%, Хятад 125%-иас 10% хүртэл татвараа 90 хоногийн хугацаанд бууруулахаар тохиролцсон. Хожим нь тус улс хэлэлцээрийг зөрчсөн гэж бие биенээ буруутгаад байсан.