Их Британийн театрын найруулагч Дэвид Кинг тэргүүтэй урлаг судлаачид, мэргэжилтнүүд сонсогчдын сэтгэлд хүрч, тэднийг хамгийн их уяраадаг дуунуудыг нэрлэсэн тухай “The Telegraph” мэдээлжээ. “Уйлуулдаг” дуунуудын жагсаалтыг Америкийн R.E.M. рок хамтлагийн “Everybody Hurts” тэргүүлжээ. Одоогоос 18 жилийн тэртээ сонсогчдод хүрсэн энэ дууг сонсохоор өөрийн эрхгүй нулимс урсдаг хэмээн санал асуулгад оролцсон хүмүүсийн дийлэнх нь хариулсан байна.
Дашрамд өгүүлэхэд, Мэрайя Кэри, Жон Бон Жови, Робби Уильямс, Гэри Барлоу, Шерил Коул, Мика, Кайли Миноуг тэргүүтэй дуучид “Everybody Hurts” дууны шинэчилсан хувилбарыг энэ онд гаргах гэнэ. Жагсаалтын хоёрдугаарт дуучин Элтон Жоны Диана гүнжид зориулан дуулсан “Candle In The Wind” орсон бол “Mike and the Mechanics”-ын “The Living Years”, Леонард Коэний “Hallelujah”, “Титаник” киноны дуу хэмээн нэрд гарсан “My Heart Will Go On”, Принц болон Шинейд О’Коннор нарын хамтран дуулсан “Nothing Compares To You”, дуучин Уитни Хьюстоны “I Will Always Love You” (“ Бие хамгаалагч” киноны дуу) удаах байруудад оржээ.