Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Балдансодномын Энхжаргал Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул. Онон мөрнийхөө хөвөөнд аж төрж, дотоод ертөнцөө анирдан шүлгээ туурвиж, онгодоо хөглөн суугаа уран бүтээлч. Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ломбын Нямаа нарын гарын шавь. “Болор цом”-ын дэд байр, Р.Чойномын нэрэмжит “Алтан Оюухай-2025” наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч юм.
Тэрбээр яруу найрагч, сэтгүүлч Г.Сонинбаярт өгсөн ярилцлагадаа “Цэлмэг агаар, цэнгэг горхи, шувуудын жиргээн дунд өөрөө хөглөгдөн, байгаль дундаа навчистай цуг сэржигнэж, горхитойгоо хамт урсаж, уран бүтээл аяндаа ундарч байдаг даа. Шүлэг бол миний хувьд санаандгүй зочин юм уу гэж бодогддог. Ямар нэгэн байдлаар орчлон ертөнцтэй шүргэлцэх, санаандгүй л учрал юм. Түүнээс биш шүлгийг яг төлөвлөж болдоггүй. Шүлэг бол өөрөө л ирдэг дээ. Ононы хөвөөнд суугаад шүлгээ бичих, хотод бичих хоёр эрс ялгаатай. Энд чинь хана цохих чимээ, машин тэрэгний дуу сонсогдож байхад хөдөө бол тийм юм байхгүй, чөлөөтэй байдаг” хэмээн өгүүлсэн байдаг.
Байгалиа шүтэж, байгалиа сонсож, гол мөрөн, уул тал, ой хөвчийн дунд нар сар, навч цэцгэнд ойрхон суугаа найрагч хотын бидний мэдрээгүй эмзэг, нандин агшныг мэдэрч чадсанаараа жирийн бус санагдах буюу. Олны танил болсон, эсэх нь яруу найрагч, уран бүтээлчийг үнэлэх хэмжүүр хараахан биш учраас тэрбээр өдгөөг хүртэл хэн нэгний анхааралд өртөлгүй нам гүмхэн ахуйд шүлгээ тэрлэсээр яваа бөлгөө. Үүнийгээ “Би цаг хугацааны унаанд үеийнхнээсээ хожимдож суусан хүн” хэмээн тайлбарласан нь бий.
Судлаач, доктор Г.Бямбажав түүний уран бүтээлийн тухай “Нисэн одох шувуудын дэвэлтэд одод гялалзтал зүлгэгдсэн тийм нэгэн гайхалтай үдэш голын эрэг дээр санаашран суух гоо охин... навч унах төдийд усны толионд тусах дүрс нь сарниж, салхи сэвэлзэх төдийд сарны туяа өлмийд нь цалгисан тийм анир үгүй нам гүм үдэш... Ид шидийн гэмээр ийм мэдрэмж найрагчийн сэрэхүйг өдөөж, айсуй цагийн зөн сэтгэлийг нь эзэмдэнэ. Яагаад ч юм бэ, Энхжаргалын шүлгүүдийг уншиж суухад өөрийн эрхгүй “тунгалаг яруу найрагч” гэдэг үг тархинд харван орж ирэх... Найрагчийн зөнг дагаад он цагийн совинд автах, голын эрэг дээр санаашран суух гоо охин би өөрөө ч юм шиг санагдах... Яруу найргийн ид шид ийм ажгуу.
Загас нь хүртэл булгидаг Хурхын гол, нүдэндээ нулимстай харуулдах нагац эжий, үдэш оройн цагаар эгшиглэх мэлхийн гуаглах дуу, үнээний хашааг нуртал мөргөлдөх бух, үнэрлэхдээ гижгийг нь хүргэдэг аавын сахал, айлын Дэлгэрмааг уйлуулж сэрсэн эрх багын зүүд... Энэ бүхнийг Б.Энхжаргал найрагч л бичиглэж чадах...
Найрагчийн цэвэр зүйлд тэмүүлэх хүчирхэг ухамсар гайхамшгийн тухай эргэцүүлэн бодоход хүргэж тунгалаг гоо шүлгүүдийг бүтээнэ. Тэрбээр цайвар үүлс эмжих сарны туяанд дуртай, сиймгэрхэн өмсгөлтэй охины гоо үзэсгэлэнд дуртай, завь хөвөх загас үсчихэд дуртай, зайдуу гарч цэцэг үнэрлэх дуртай... ийм л дотоод сэтгэлийн гоо сайхнаас ундарсан шүлгүүд болор тунгалаг өнгөөр гэрэлтэн буухдаа шувууны өд унасан газар цэцгийн өнгө бүдгэрдгийг мэдэрч, цантсан цонхонд цас гялбахыг харан баясаж, чарганы доороос эгшиглэх цасны аялгууг анирдана...” хэмээн “Хагарсан жүнз шиг амьдралын үл гүйцэлдэхүйг загварчлах нь” нэртэй шүүмждээ бичсэн нь бий.
ЦАСНЫ НУРЛАГАТАЙ АЯЛГУУ
Зэрлэг чонын дуу зэрэгцээ ууланд цуурайтна
Зэвүүтэй сонсогдох атал зуур сонсон анирлана
Сандчин хальтичин явлаа ч мөстсөн харгуйд дурлана
Дагжин чичрэн байвч харзны уснаас амсана
Хөх хөвч нутаг өвчүү тулам цастай
Хунгарт цөмөрсөн гөрөөс хугарсан мөчир шиг сондгой
Үлэмж тансаг сарны хаш маргад туяанд
Өвсний цан гялбах нь өвлийн цэцэг мэт үзэсгэлэнтэй
Намрын нуруу өвснөөс эртний улирал анхилна
Настай буурал эцгийн өвөлжөө нутаг санагдана
Мөнгөн утас шиг хөврөх чарганы мөрийг дагана
Мөрөөдөлт бага насны чандага хаахнаас дэгдэнэ
Цав цагаан хус эрдэнийн өнгөөр солонгорно
Салаа модны дунд шувууны үүр өвөлжинө
Цавчлах морьдын туурайнд уулын чулуу ирлэгдэнэ
Цагийн бэрхийг сөрж хөдөөгийн хөвгүүн хатуужна
Өвлийн урт шөнийн од мичид гялалзана
Өтөл буурай ижийнхээ хучлага засаж өглүү дээ
Шар тос хөвүүлж нэрмэл халааж хүртмээр
Шад шад шүлгийг одоо л нэгэнтээ хэлмээр
Лавай цагаан жавар хоймор өөд нүүнэ
Лаа дөлтөх авч гэрлээ үл тасална
Сэрүүн жихүүн орчинд энгэр задгай суугаа
Сэхүүн нэгэн буриад Ононгийн шүлэгч болой.
НАЙРАГЧ НӨХДӨДӨӨ
Найрагч нөхөд минь надаас алсад ертөнцийг аглагт
Навчис сэржигнэж,булаг жирэлзэх дэргэд
Нар саран гэрэлтэж,шүүдэр гялбах дэргэд
Нам гүмийг сэрээж шувууд жиргэх дэргэд
Найрагчийн дэвтэр дээр тусах торгомсог гэгээ холынх оо.
Дэргэд буй бүхнээс одох сон,холдох сон
Дэмий гэмэрхэл,уйтгар зугаацал,ганцаардал
Мөчрийн доогуур тонгойж гарах үедээ
Мөрөөдөлт хавар тосч буйг санах ч үгүй
Зүрхэнд ойрхон дохио дуудлага сонстоно
Зүгээ мэдэхгүй ч зөн хүслээ дагана
Төвөгтэй амьдралд гуйлгачин мэт зүдрэвч
Төгсөхгүй юм шиг тэргүүнээ өргөх бардамхан
Бүрэг байж цөөрмийн долгис ширтээд яана
Бүсгүй хүн гоёлоо тайчсан мэт улиралд
Жимснээс амтлаг уруул,дарсыг хүртэж
Жирийн бус байгаагаа мэдрэх гайхалтай
Шинэ ертөнцийн шинэ цас хөлийн доор чахраад
Чинагш хязгааргүй цаг хугацаа эгшиглэнтэй
Эртийн эрт гэж үлгэр домог эхэлдэг шиг
Илбийн үзэгдэл мэт сэтгэлийн буйд үзэсгэлэнтэй
...
Энэ өдөр чи цонхоо нээж байна
Энгэрийн чинь товч алдуурсан байна
Уран цагаан гарыг чинь харахад
Урин цагийн шувуу мэт байна
Хөв хөх ногоо үүгээр түүгээр цухуйж
Хөх тэнгэрт цагаахан үүлс нүүж
Энэ өдөр чи цонхоо нээж байна
Энгэрийн чинь товч алдуурсан байна.
Өршөөл үгүй сэтгэлийн тэнүүчлэл
1995-03-16-17.
Өөр улиралд өөр тайлал
Холбооны дан цагаан байшин дээгүүр
Хоёр хэрээ хөөцөлдөн хашхичих нь юу вэ
Эртний аялгат буриад хэл мартагдахад
Элэнц хуланцын бурхад чив чимээгүй
Модон амбаарт эцгийн эмээл түгжигдэж
Морь янцгааж уяан дээр эргэцэж
Хэдэн оны хуучин сэтгүүл вэ
Хээв нэг эвшээлгэн хуудас сөхөхөд
Хар муур хажуугаар хэржигнэн
Хар сүүдрээ чирэн чирсээр өнгөрнө
Гэнэт хаанаас тэр вэ хараач
Тэрэг хөсөг гараад ирэх юм биш биз
Түүхий сүүний бяслаг баярын бялуунаас амттай
Тийм амьдрал бидэнд саяхан байсан юм даа.
2006.01.09 03 цаг 37 минут
ЭНХ УЛИРЛЫН МАРШ
Цаст улирлын хавар уясаад ирэхийн цагт
Цонхны цан хүүрэг хайлаад ирэхийн цагт
Цагаахан нөмрөгийн хормой хийсээд ирэхийн цагт
Сувилагч жаахан бүсгүйг санах байлгүй дээ би
Дууч бяцхан шувуухай мөчирт жиргэхийн цагт
Дүүрэн том саран орчлонд гэрэлтэхийн цагт
Дэн дун сэтгэл хоёрдоод ирэхийн цагт
Дэрэн дээрх номоо мартах л байлгүй дээ би
Хөндлөн хөх уулс зэрэглээнд хөвөхийн цагт
Хүний өөрийн нутаг хөөцөлдөн гүйхийн цагт
Газраас ургасан цэцэг сондгой харагдахын цагт
Гэрэлт зул шиг үзэсгэлэнд сөхрөх байлгүй дээ, би.
Дүнзэн байшин, дүүрэн сар
Дүүмэд бүсгүйн дүрлэгэр нүд
Өвс ногооны өнгө хувирч
Өршөөл үгүй сэтгэлийн солиорол
Миний шүлэг
Мөргөлийн сүм, өлгийн дуулал
Өнийн мөрөөдөл, үлгэрийн төгсгөл
Уруйд үүдсэн элс чулууны үрлэн
Муруй зам дээрх чихэр мөчиртэй хар мод
Миний шүлэг
Шороо нь нүдэнд орсон ч өөрийн газар
Шоргоолжны бутнаас мэдрэгдэх өрсөлдөөн тэмцэл
Амьдрал үхэл холбосон солонгон гүүр
Аймшиг түгшүүргүй ил хэвтэх шувуудын өндөг
Миний шүлэг
Цасан дунд үзэгдэх хөх
Усны толионд тодрох холын од
Суран чөдөр, төмөр сүх, тоосгон пийшин
Сумын төв дэх мөстэй худаг, мөнөөх хавар
Миний шүлэг.
ГҮНЖ
Ч.Туулд
Хатан Ононыхоо хөвөөнд
Хааны гүнж болгоё
Уруул хацрыг чинь
Улаалзгана жимсээр будъя
Ширхэг өвс сүвлэж
Чихэнд чинь цагариглан зүүе
Чулуун шигтгээ гялбасан
Цэцгээр сүлжсэн титэм өмсгөе
Харц чинь энхрий, энэрэнгүй
Харц боол надад эрх чөлөө мэт, эцсийн өршөөл мэт ээ ...
1995-03-16-17.
Тэнгэрт сад тавих шувуудын доор
Тэвчээртэй сууж шүлэгч би чадахгүй
Гүн цэнхэр алс тийш гараа сунгаж
Гүйж гүйж унаад өгмөөр өө
Давлагаа давлагаа даанч сайхан
Давхар давхар үүлсийг нэвт цохино
Цөн түрэх шиг омогхон сэтгэл минь
Цөмд чинь хүрэхгүйд бачимдана
Ирэх хавар ийм л сарыг хүснэ
Их хайр,чиний энхрийллийг хүснэ
Бөмбөрөх нулимс бороон дусалтай яг адилхан
Бөөцийлөн тосох ногоон навчсыг хүснэ
***
Мөнгөн сар мандах чинийх бөлгөө
Мөрөөдөл хөтөлсөн харгуй минийх бөлгөө
Зуу зуун жилд ийм л байсан байх
Зүлэг ногоо, цагаахан хус ингэж л ургаж байсан байх
Зорьж ирсэн шувуу энэтээх модонд донгодохуй
Хорьж болдоггүй сэтгэл хоёр биедээ тэмүүлж
Яарч догдлохыг хорвоо мэдсэн юм шиг
Ягаан даль цэцэг хаа сайгүй дэлгэрнэ
Хайр хүслэн шингэсэн харц харцнаас
Хаврын нахиа цухас цухас үзэгдэнэ
Бургас найгана, болжмор жиргэнэ, уулс цэнхэрлэнэ
Буй ертөнц найрсаж өнгө өнгөөр сүлэрнэ
Уруул бүдгэрэхгүй, сэтгэл хуучрахгүй
Үлгэр шиг амьдралын энэхэн чөлөөнд
“Хайртай...” гэж хэлсэн үг чинийх бөлгөө
“Хамтдаа” гэж итгэсэн мөч минийх бөлгөө
***
Шинэ жилийн цэнгүүн
Үлгэрийн шидэт гайхамшиг
Шинэ шүлгийн онгод
Агшин зуурын үзэгдэл
Ер бусын аялгуу
Бүжгийн хэмнэлтэй ажуу
Янжинлхамын мутарт
Бийбаа хөгжим эгшиглэв ээ.
Аз хийморь гэж бий
Бөөрөнхий жимснээс амтагдах
Аз жаргалыг амсъя
Бөөрөнд нь туяарч үзэгдэх
Айсуй өглөөд яаръя
Омог халуун сэтгэлээ
Оргилуун дарс шиг дэврээе
Хаад харц ялгаагүй
Харш оромжоо доргиоё
Шинэ жилийн цэнгүүн
Үлгэрийн шидэт гайхамшиг
Шинэ шүлгийн онгод
Агшин зуурын үзэгдэл
Ер бусын аялгуу
Бүжгийн хэмнэлтэй ажуу
Янжинлхамын мутарт
Бийбаа хөгжим эгшиглэв ээ.
***
Хонь хариулж явахдаа
Гоонь гэдгээ мартана
Уул усаа харж Дуу аялж ч үзнэ.
***
Галдаа мод нэмж
Гацуур модонд чимэглэл зүүж
Хүүгийнхээ толгойг илдэг
Хулгайчийн хүйтэн гарыг
Чанга атгаж халуунаар
Шинэ оны мэнд хүргэе
***
Анхны цаснаар би
Авгынх руу зам гаргадаг сан
Тэнгэрийн заадсан зам тэртээд
Тэнд авга минь байгаа.
***
Зам, төгөл, үхэр
За яах вэ
Байж л байг дээ
Байз байз, хэлэх үү яах вэ
Найз нөхөд бас навчис
Өдөр өдрөөр цөөрсөөр л...
2019.02.11